МАН-ын бүлэг ирц хүрээгүйгээс хуралдаж чадсангүй.
УИХ дахь МАН-ын бүлгийн /2026.09.21/ өнөөдрийн хурал гишүүдийн ирц хүрээгүйгээс эхэлж чадсангүй. УИХ-д суудалтай намын бүлгүүд Даваа гараг бүрийн 10:00 цагт хуралддаг ч 10:41 цагийн байдлаар МАН-ын бүлгийн ирц ердөө 35 хувьтай байв.
Эрх баригч намын гишүүдийн ирц тасалдсан нь энэ удаагаар хязгаарлагдахгүй байна. Өнгөрсөн пүрэв гарагт буюу есдүгээр сарын 17-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэхээр товлосон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан мөн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон юм.
Тухайн хуралдаанд Л.Оюун-Эрдэнийн фракцын гишүүд болон Н.Номтойбаярын талынхан оролцоогүй гэх мэдээлэл бий. Харин Ардчилсан намын зүгээс сайдын томилгоог хэлэлцэхээс өмнө Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардсан.
Амралтын өдрүүдээр МАН доторх бүлэг, фракцууд тохиролцоонд хүрч магадгүй гэсэн хүлээлт байсан ч өнөөдрийн ирцээс харахад улс төрийн зөрчил хэвээр байна. Ерөнхий сайд Н.Учрал болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшсэн Г.Тэмүүлэн тэргүүтэй намын удирдлагууд өнгөрсөн өдрүүдэд орон нутагт ажиллаж, улс төрийн байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14:00 цагт товлосон. Гэвч намын бүлгийнхээ ирцийг бүрдүүлж чадаагүй МАН чуулганы хуралдаанд шаардлагатай ирц бүрдүүлэх эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.
МАН-ын бүлгийн болон чуулганы хуралдаан дахин ирцгүйдвэл Г.Тэмүүлэнгийн томилгоо төдийгүй Засгийн газрын тогтвортой байдал, эрх баригч намын дотоод зөрчил УИХ-ын үйл ажиллагаанд шууд нөлөөлж эхэлснийг харуулна.
Сэтгэгдэл үлдээх