УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, парламентын ирц, Засгийн газрын тогтвортой байдал болон төрийн өмчит компаниудын зарцуулалтын асуудлаар байр сууриа илэрхийллээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригч МАН дотоод зөрчлөөсөө шалтгаалан УИХ-ын үйл ажиллагааг гацаасан атлаа Ардчилсан намыг чуулган бойкотолсон мэтээр мэдээлж байна гэж шүүмжлэв.
Тэрбээр “Олонх болж, засаглаж, бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин дотоод зөрчлөөсөө болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж, зогсоочхоод бусад руу нялзааж байгаа нь хэт өрөвдмөөр улс төр. Энэ увайгүй үйлдлээ зогсоох шаардлагатай” гэв.
Мөн АН Засгийн газрыг огцруулахыг зорьж байгаа гэх мэдээллийг үгүйсгэж, Засгийн газрын хувь заяаг шийдэх эрх парламентын олонход байгааг онцоллоо. “68-аас 80 хүртэл суудалтай улс төрийн хүчин дотооддоо үйл ажиллагаагаа зөв зохион байгуулж, эв нэгдэлтэй байвал Засгийн газар огцрох асуудал яригдахгүй. Цөөнх болж бүтэхгүй байгаа зүйлийг сануулж, хариуцлагын асуудал тавих үүрэгтэй. Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд Ардчилсан нам УИХ-ын үйл ажиллагаанд бүрэн оролцоно” хэмээн О.Цогтгэрэл хэлэв.
Тэрбээр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавих нь парламентын засаглалтай орнуудад байдаг хариуцлагын механизм болохоос шинээр зохиосон шаардлага биш гэдгийг тодотголоо. Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж, Ерөнхий сайдтай холбоотой улс төрийн асуудал яригдаж байгаа үед цөөнх хариуцлага нэхэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
О.Цогтгэрэл “Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн. Цалин, тэтгэвэр бодитоор нэмэгдэх ёстой. Үнийн өсөлтөд идүүлэх бодлого оруулж ирчхээд ард түмэндээ хайртай гэж пиар хийж болохгүй” гэлээ.
АН-ын бүлгийн гишүүн Ө.Шижир төрийн өмчит компаниудын санхүү, худалдан авалтыг сүүлийн 10 жилийн хугацаагаар шалгах хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж байгааг мэдээлэв. Түүний хэлснээр, төрийн өмчит нэг компанид 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай боловч ажилдаа ирдэггүй 24 хүн байгаа гэх мэдээллийг тус компанийн дотоод эх сурвалжаас ирүүлжээ. Энэ мэдээлэл одоогоор албан ёсоор нотлогдоогүй бөгөөд аль компанийн тухай ярьж байгааг тэрбээр нэрлээгүй байна.
Ө.Шижир “Төрийн өмчит компаниудын мөнгийг хэн, хэрхэн захиран зарцуулж байгааг ярих цаг болсон. ТӨК-иудын урсгал зардал, тендер зэрэг их наядаар хэмжигдэх асуудал хяналтгүй явж ирлээ. Зарим компани нэг төгрөгийн орлого олохын тулд дөрөв, таван төгрөгийн зардал гаргаж байна” гэв.
Тэрбээр 2016–2026 онд нийт 127 мянган тендерээр 133 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэж мэдээлсэн бөгөөд эдгээр зарцуулалтаас улс төрийн нам санхүүжсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаагаа илэрхийллээ. “Арван хувийн авлига авсан гэж тооцвол асар их хэмжээний асуудал яригдана” гэсэн нь Ө.Шижирийн таамагласан тооцоо бөгөөд нотлогдсон дүн биш юм. Хянан шалгах түр хороо байгуулахад шаардлагатай гишүүдийн гарын үсгийг бүрдүүлсний дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөө АН-ын бүлгээс мэдэгдэв.
Сэтгэгдэл үлдээх