Б.Энх-Амгалан: Байрны эзэн хэн байх нь дараагийн асуудал, эхлээд хүүхдийн сурах эрхийг хангана

Г.Энэбиш
2026-09-21

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг улс төржүүлэхгүй байхыг уриалж, сул байгаа хувийн хэвшлийн барилга байгууламжийг боловсролын зориулалтаар ашиглах шаардлагатай гэж мэдэгдэв. Тэрбээр “Одоо энэ явган, нүцгэн хэрүүлээ боливол яасан юм бэ” хэмээгээд, улсын төсвөөс хувьсах зардлын санхүүжилт авч байгаа хувийн хэвшлийн 117 сургууль байгааг дурдлаа. Одоогоор жилийн 10 сая төгрөгөөс доош төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгож байгаа аж.

Б.Энх-Амгалангийн мэдээлснээр энэ жил 28 сургуулиар дамжуулан 10 мянган хүүхдийн сурах эрх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Ялангуяа сургуулийн ачаалал өндөр, гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй бүсэд сул барилга байгууламжийг түрээслэн ашиглах шаардлагатай гэж үзжээ.

“Сонгинохайрхан дүүрэгт сургуулийн ачаалал хамгийн өндөр, зарим хэсэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Тэнд байр түрээслэх хүсэлт тавьсан ч шийдэгдээгүй. Сул байгаа сургуулийн барилгыг төр ашиглая гэхэд чадахгүй байгаа нь харамсалтай” гэв. Тэрбээр Чойжилсүрэнгийнх байна уу, ТЭСО-гийнх байна уу гэдгээс үл хамааран ашиглах боломжтой сул байгууламжид урсгал зардал олгож, хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо сургах зохицуулалт хийх ёстойг онцоллоо. “Ингэснээр 20 мянган хүүхдийг хол явуулахгүй, гэрийнх нь ойролцоо сурах боломжоор хангана. Тухайн барилгын эзэмшигч хэн байх нь дараагийн асуудал. Нэгдүгээрт, хүүхдийн сурах эрхийг хангах ёстой” хэмээн Б.Энх-Амгалан мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe