Хот байгуулалтын тухай хуульд шинээр баригдах хотхон 1000 өрх тутамд нэгээс доошгүй төрийн өмчит сургуультай байхаар тусгагдсан байдаг ч энэ хууль бүрэн хэрэгжихгүй байна.
Үүнийг нэг жишээгээр тайлбарлахад хүн амын нягтрал ихтэй Яармаг 20 мянган сургуулийн насны хүүхэдтэй гэх. Мөн хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2024 онд тус хэсэгт 21,226 өрх амьдарч байна гэх тооцоолол бий. Тэгвэл эхэнд дурдсан хуулийн хүрээнд авч үзвэл багадаа 20 сургууль байх шаардлагатай юм. Гэтэл өнөөдрийн байдлаар ердөө 34, 41, 60, 118 дугаар ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Ийнхүү ачаалал үүсээд байгаа сургуулиудаас тодруулахад, ядаж 23, 24-р хорооны сургуулиуд нээгдчихвэл бидний ачааллыг хөнгөлж чадна гэлээ.
Байршлын хувьд эдгээр улсын сургууль бүгд замын хойд хэсэгтээ байрлаж байгаа бол замын урд, хойд хэсэгт 10 гаруй хувийн ЕБС байна. Гэхдээ монголын нийгэмд айл бүр хүүхдээ хувийн сургуульд сургах боломжтой юу гэвэл мэдээж үгүй.

Яармагийн хөгжлийг харвал 2020 оноос хойш буюу сүүлийн зургаан жил эрчимтэй хөгжжээ.

Өнгөрсөн 2025 онд нийслэлд 25 мянга гаруй айлын шинэ орон сууц ашиглалтад орж, түүхэн дээд түвшинд хүрсэн. Үүний дийлэнх буюу 80 гаруй хувийг шинэ суурьшлын бүс болох Яармагт ногдож байна. Энэ мэтчилэн орон сууц, хотхон, хорооллууд олноороо сүндэрлэж байгаа бүсэд төрийн өмчит сургуулийн хүртээмж муу байгаа нь ирэх жилүүдэд ачааллыг улам нэмэгдүүлэх юм.
Хамгийн гол нь олон хүн амьдрах хотхон хорооллыг улсын комисс хүлээн авахдаа хуулийн дагуу сургууль цэцэрлэгийн шаардлага хангасан эсэх дээр ажиллаж, зөвшөөрөл өгдөг байх хэрэгтэй. Мөн Боловсролын яам, Барилга, хот байгуулалтын яам харилцан уялдаатай ажиллаж, хүүхдийн сурах эрхийн төлөө хяналтаа чангаруулах хэрэгтэй. Энэ нь дан ганц сурах эрхээр хязгаарлагдахгүй бөгөөд цаашлаад түгжрэлийн эх үүсвэрийг бага ч болов сааруулах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх