Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр (2026.09.21) цаг үеийн асуудлаар мэдэгдэх хийжээ.
Уг мэдэгдэлд "Олон нийтийн сүлжээгээр нэр бүхий иргэдийг ХДХВ (Хүний дархлал хомсдолын вирус)-ийн халдвартай, ХДХВ-ийн халдвартай хүүхэд төрсөн гэх мэт үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тархааж байна. Манай төв ХДХВ-ийн халдвартай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тандалт, судалгааг хариуцдаг мэргэжлийн байгууллагын хувьд тус мэдээлэлд албан ёсны тайлбар мэдэгдэл хийж байна.
Манай улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 тохиолдол бүртгэгдсэн. 2026 онд ХДХВ-ийн халдварын 24 шинэ тохиолдол оношлогдсон байна. Нийт тохиолдлоос нас барсан 73, гадны улс орнуудад амьдарч байгаа 40, эрүүл мэндийн байгууллагын хяналтад тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж байгаа 322 (95.2%) хүн байна.
Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүмүүсийн эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй хамгаалагдсан байдаг. Мөн ХДХВ-ийн халдвартай хүмүүст тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүдэд "Нууцын гэрээ" байгуулж ажилладаг.
ХДХВ-ийн халдварын 99.7% нь бэлгийн замаар дамжиж халдварласан, ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа 20 эмэгтэйгээс 36 хүүхэд төрсөн, тэдгээрээс 15 эх давтан төрсөн ба эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. Цахим орчинд тархаж буй энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатайгаар халдаж байгаа хуурамч мэдээлэл болохыг мэргэжлийн байгууллагын зүгээс хариуцлагатай мэдэгдэж байна" хэмээн мэдэгдэл хийжээ.

Сэтгэгдэл үлдээх