УИХ-ын чуулганы есдүгээр сарын 22-ны хуралдаан 126 гишүүнээс 75 гишүүн буюу 59.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Шинээр томилогдох гэж буй сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Нийт иргэдийн аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах асуудлыг төр хаяж болохгүй. Сүүлийн үед цахим сүлжээнд бусдыг илт гүтгэсэн, хүний өвчний нууц задруулах буюу ДОХ-той гэж зарлах, дагавар охиноо хүчиндсэн гэх мэтээр зарлаад ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Та хууль зүйн сайд болвол Эрүүгийн хуулийн зүйл заалтад гүтгэх, доромжлохтой холбоотойгоор иргэдийнхээ алдар хүндийн хамгаалах тал дээр нь ямар нэгэн арга хэмжээ авах уу? Бэлэн байгаа төслийг сайжруулж өргөн барих уу? Энэ тал дээр таны хандлага, мэдлэг ямар түвшинд байна вэ?
Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын Үндсэн Хуулиас давсан ямар нэгэн эрх ашиг байх ёсгүй. Үндсэн хуулийн 19.1 дээр иргэний эрхийг хамгаалах, сэргээх үүргийг төр хүлээдэг. Одоогийн хуульд учир дутагдалтай, зохицуулалтгүй байгаа асуудлыг, тэр дундаа хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг хүндэтгэж үзэх, зохицуулах нь зүйтэй гэж харж байгаа. Ямар нэг байдлаар гүтгэх үйлдлийг хуульчлах нь Үндсэн хууль болоод олон улсын гэрээг зөрчихгүй. Улс орнууд гүтгэх, илт худал мэдээлэл. тараах гэмт хэрэг зөрчлийг тус тусад нь бие даасан хуулийн зохицуулалтаар зохицуулж ирсэн байдаг. Хэрэв томилогдвол энэ асуудлыг анхаарч, гишүүдийн саналыг судалж үзнэ" гэв
УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд иргэдийн итгэх итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй. Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс та элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа. Иргэдийн хууль ёсонд итгэх итгэлийг сэргээж, энэ нийгмийн зөрчилдөөнт байдлыг дэг журмын хүрээнд, хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүнд анхаармаар байна гэдэг зүйлийг хэлмээр байна"
Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудал бол хар тамхитай холбоотой асуудал байгаа. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.
Манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ХЗДХ-ийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явж байгаа. Бид 2025 оны намар яг энэ хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Тэгэхээр энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.
Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар нэмэгдсэн байна. Зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг 2000 гаруй зөрчил гарсан байна. Үүний 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.
Өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 76 хүн амь насаа алдсан байна. Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, хүн амын эрүүл мэндтэй хамааралтай асуудал юм" гэв.
Сэтгэгдэл үлдээх