Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилсон захирамжаа танилцуулж, тангараг өргүүлснээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох шаардлага үүссэн юм. Засгийн газрын тухай хуулийн 21.5-д заасны дагуу орон гарсан тохиолдолд дараагийн сайдыг 14 хоногийн дотор томилох учиртай. Үүний дагуу Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлж, УИХ-д танилцуулан томиллоо.
Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон захирамжаа танилцуулж, тангараг өргүүлснээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
Түүнийг томилох үеэр Ерөнхий сайд Н.Учрал: Би С.Амарсайхан сайдыг чөлөөлөхдөө үндэслэлээ хэлсэн. Төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг, улс орны дотоод аюулгүй байдлыг хариуцдаг салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон. Хууль зүй дотоод хэргийн салбарын тусгай чиг үүргийн байгууллагууд нийгэмд янз бүрийн мэдээлэл гаргасан. С.Амарсайхан өөрөө ч мэдэгдэл хийж дотооддоо үүссэн асуудлыг нээлттэй хэлсэн. Энэ том салбар бол сайд болоод агентлагийн дарга нартайгаа үл ойлголцсон ийм байдлаар ажил үргэлжлэх боломжгүй. Тийм учраас нэр нь дурдагдаад байгаа харьяа байгууллагын тухайн алба хаагч, дунд шатны удирдлагуудыг хамтад нь чөлөөлөх нь зүйтэй. Салбарт системийн хувьд шинэчлэл хийх цаг ирсэн байна гэдэг утгаар асуудалд хандсан. Хэн нэгнийг буруутгаад байгаа юм байхгүй. Хууль зүй дотоод хэргийн салбар хэвийн тогтвортой үргэлжлэх ёстой.
Хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн бол
Г.Тэмүүлэн: Залуу хүний хувьд ёс зүй зарчмыг эрхэмлэж ирсэн. Хувь хүний үнэт зүйл байна. Та бүхэн мэдэх байх ажил албан тушаалд амбицалж явсангүй. Ашиг хонжоо хайж хүнтэй наймаалцаж явсангүй. Улс орны эрх ашгаас илүү давсан хувийн эрх ашиг надад байхгүй. Бид Шударга ёс эрх тэгш байдлыг Үндсэн хуульдаа тунхаглаж өгсөн. Нийгмийн үнэт зүйл болсон энэ зүйлсийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж чадна.
Хэмээн гишүүдийн асуултанд хариулсан юм. Ийнхүү парламентын үйл ажиллагаа энэхүү томилгоотой холбоотой 2 өдөр саатсаны эцэст өнөөдөр /2026.09.22/ ийнхүү түүнийг ХЗДХ-ийн сайдаар томиллоо. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүслээ.
Сэтгэгдэл үлдээх