Ч.Чинхүсэл
Монголын Сошиал Энтэрпрайзуудын холбоог үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, Импакт Лаб төслийн санаачлагч, гүйцэтгэх захирал Б.Агнууштай ярилцлаа. Түүнийг залуу үеийнхэн хуучин хувцасны “Тойрог” дэлгүүрийн үүсгэн байгуулагч, баримтат зурагчин гэдгээр нь эчнээ таних билээ. Тэгвэл энэ удаа хэрэгжүүлж буй томоохон төслөөрөө инфлюсерүүдийг нэгтгэн, нийтийн сайн сайхны төлөө манлайлан ажиллаж байна.
–Сошиал энтэрпрайз гэж юу вэ?
–Аливаа нийгэмд асуудал шийдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийн хэлбэр гэж байгаа. Ашгийн бус, төрийн бус байгууллагын тогтолцоо. Нөгөө нь ашгийн төлөө буюу үйлчилгээ санал болгоод, эдийн засгийн өсөлт авчрах зорилготой бизнес модель.
Хүн төрөлхтөн хөгжиж, хиймэл оюун ухааны үе ирсэн. Улмаар нийгэм, байгаль орчны шийдэх ёстой асуудлууд маань хүртэл их төвөгтэй болж байгаа.
Эдгээр асуудлыг шийдэж байгаа аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө хөгжөөд, төрийн бус байгууллага, бизнес гэдэг хоёрын хосолсон хэлбэрийг “сошиал энтэрпрайз” буюу нийгмийн төлөөх бизнес гэж бий болсон. Энэ нь ерөөсөө л төрийн бус байгууллагатай адилхан нийгэм, байгаль орчны асуудлуудыг шийдэхээр үүсгэн байгуулагдсан алсын хараа, үнэт зүйл юм.
Нөгөө талдаа өөрөө өөрийгөө авч явах, санхүүжүүлэх хэлбэр нь бизнесийн загвартай адилхан. Өөрөөр хэлбэл, нийгэмд, зах зээл дээр үйлчилгээ санал болгож, өөрсдийгөө авч яваад үйл ажиллагаагаа эрхлэх гэсэн хоёр талт загвар.
–Монголд өмнө нь ийм хосолсон загвар байсан уу?
–Монголд өмнө нь байсан уу гэвэл байсан. Миний хувьд “Тойрог” гэдэг дэлгүүрээ байгуулаад бизнес л гэж бодож байсан. Гэхдээ гадагшаа 30 хувийн ашиг олох ёстой, хөрөнгө оруулалт авах ёстой гэхээр “Тойрог”-ийн үнэт зүйл нь өндөр үнэлгээтэй компани болох бизнес биш.
Тэгвэл төрийн бус уу гэхээр дэлгүүр ажиллуулдаг хүн болчихоод байдаг. Тиймээс би манайхтай адил нийгмийн үнэт зүйлтэй мөртлөө бизнесийн загвараар аж ахуйн нэгжээ авч явдаг байгууллагууд гээд судлаад үзсэн чинь олуулаа байж таарсан.
Бүгд адилхан асуудалтай тулгарч байгаагаа олж мэдсэн. Бид эхлээд нэгдэх ёстой юм байна, өөрсдийгөө таниж мэдэх хэрэгтэй юм байна, илүү олуулаа болох ёстой юм байна. Алсдаа бодлогод нөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх хамт олныг өөрсдөө бэхжүүлэх ёстой юм байна гэсэн итгэл үнэмшлийн дор төрийн бус байгууллагыг байгуулсан.
"Импакт Лаб"-ын хувьд манай төрийн бус байгууллагын хамгийн анхны төсөл. Гудамжинд алхаж яваа залуу хүү, компанид ажилладаг Болороо байлаа гэхэд нийгмийнхээ асуудалд санаа нь зовнидог, хамтдаа оролцоод шийдмээр байдаг, байгаль орчныхоо асуудалд сэтгэл нь зовниод байдаг. Гэтэл амьдралынх нь хэмнэл их хурдтай, бүгд л урд урдахаа хийгээд завгүй амьдарч байгаа.
Тэгвэл нийгэмд үнэ цэн бүтээдэг, байгаль орчиндоо анхаарал хандуулдаг байгууллага, төрийн бус байгууллагууд бол бидэнтэй хамтарч ажилла. Та хэдийг нийгэмд таниулъя, хамтарч ажиллах бусад талуудыг олж өгье.
Нэг ёсондоо нэгдсэн үйлчилгээний цэг шиг хувь хүн талаасаа нийгмийн асуудлыг шийдвэрлэж байгаа байгууллагуудыг дэмжих, оролцох, өөрөө бас мэдлэгээ тэлэх, хамт олны нэг хэсэг болох, нөгөө талаас нийгэмд үнэ цэн бүтээж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид нийлээд хамт олон болж хөгжих, хамтрах голын холбоосыг нь Импакт Лаб бүтээж өгөхийг зорьж байгаа юм.
–Төслийн хүрээнд ямар ямар арга хэмжээ зохион байгуулж байсан бэ? Мөн шинээр байгуулсан кафеныхаа талаар дурдвал?
–Манай “Импакт” гэдэг агуулгыг нийгэмд түгээн дэлгэрүүлэхийн тулд маш олон оролцогч талууд байна. Зүгээр оюутан залуус кафед маань кофе уугаад, ширээний тоглоом тоглонгоо нийгэмд оролцмоор байна. Тиймээс манайхаас кофе худалдаж аваад уувал 100 хувь төрийн бус байгууллагад хөрөнгө оруулж орж байгаа юм Ингэснээр эхний алхмаа хийх боломжийг нь бид үүсгэж байгаа гэсэн үг.
Нөгөөтэйгүүр, нийгэмд үнэ цэн, эерэг нөлөө бүтээж байгаа, үнэт зүйлтэй байгууллагуудын арга хэмжээг бид хамтарч зохион байгуулдаг.
Тухайлбал, "Монголиан Вижуалс(Mongolian Visuals)"-ын “Сити Тур(City Tour)” байна. Нуугдмал Улаанбаатарыг таниж мэдэх аялал болсон. Мөн "Билайнд Тэрапи(Blind Therapy)" гээд сэтгэл зүйн эрүүл мэнд рүү чиглэдэг “Позитив дадал”-тай хамтраад тогтмол арга хэмжээнүүд зохион байгуулж байна.
"Фрэйм Магазинэ(Frame Magazine)" кино урлагийн салбар дотор экосистемийг бүтээх, шүүмжлэгчдийг олон болгох маш их хүсэл мөрөөдлийг тээж яваа байгууллага гэх мэт олон салбарт үнэ цэн бүтээж, өөрчлөлтийг авчрахаар асуудлуудыг нуруун дээрээ үүрээд, болохгүй байгаа зүйлтэй нүүр тулаад, шандсаараа шүдээ зуугаад туулаад явж байгаа үнэ цэнтэй, үнэн байгууллагуудыг бид хайж олоод нээж, хамтарч, олон нийтэд түгээх, эргээд олон нийт нь эдгээр газруудаа дэмжих холбоос, боломжийг нь бүтээж өгөх цэг байхыг зорьж байгаа.
–Хувийн ашиг олохоос илүү нийгэмд үнэ цэн бүтээхийн чухлыг тайлбарлаач?
–Би нэг зүйлийг л чухалчилж хардаг. Түүхэн замналаа харах юм бол эдийн засгийн шилжилтээс хойш чөлөөт эдийн засаг, хөрөнгө хаана байна, тэнд хөгжил байна гэдэг тогтолцоонд бид амьдарч байна.
Би энэ тогтолцоотой яг нас чацуу, ардчилалтай нэгэн зэрэг төрсөн хүн байгаа юм. Тэгэхээр яалт ч үгүй ардчилал бий болсон цаг үеэс хойш нэг үе солигдож байгаа юм. Надтай адилхан маш олон залуучууд бас нэг үеэ өнгөрөөгөөд арай өөр үнэт зүйлийг чухалчилдаг.
Жишээ нь өмнөх үеийнхэн маань маш хэцүү нийгмээс шороо атгаж босож ирээд, хөрөнгө оруулагч хийгээд, том корпорацын захирал, групп, компанитай болж байгаа гэх юм уу. Тэдэнд хөрөнгө үнэхээр чухал байсан.
Харин бид бол харьцангуй хомсдолгүй сайхан амьдраад, интернэтийн гайхамшгийг мэдрээд өссөн азтай үеийнхэн. Тийм ч учраас үнэт зүйл маань өөрчлөгдөх цаг болсон. Залуу хүн бүр нийгэмдээ оролцоотой байхыг хүсэж байгаа гэдэгт итгэдэг.
Хэрхэн, яаж гэдгээ мэдэхгүй байгаад байдаг. Тэрийг нь л олж мэдээд, хэцүү асуудлуудыг нь задалж, өөрөө ухаж төнхөж, энэ нь шийдэл юм байна гээд явж байхад би өөрөө дуртай.
Асуудалтай, шийдэл нь ойлгомжгүй, төвөгтэй асуудлууд руу өөрийгөө түлхэх, дараа нь шийдэж байгаа асуудлууд маань амархан болох юм бол уйдах төрлийн хүн шиг байгаа юм.
–Кафе нээх, ажиллуулахын хүнд хэцүү нь юу байна вэ?
–“Тойрог” маань миний анхны бизнес. Би өмнө нь ямар ч бизнес эрхэлж байгаагүй. Тиймээс “Тойрог” миний бизнесийн цагаан толгойн А, Б үсгийг тавьж өгсөн.
Харин энэхүү кафены хувьд бизнес модель загвартай ч төрийн бус аж ахуйн нэгжийн хувиар хөл дээр нь босгох гэж туршиж үзэж байгаа гэх юм уу даа.
Энд маш олон ньюанс гарч ирж байгаа. Төрийн бус байгууллага гэдэг иргэний нийгмийн орон зай өөрөө өөрийнхөө санхүүг тогтвортой шийдэх шийдлийг эрж хайж байгаа юм.
Монголын төрийн бус байгууллагын бараг 70–80 хувь нь гаднын орноос буцалтгүй тусламжийн ихээхэн хувь авдаг. Энэ нь өөрөө Монгол Улс нийгэм, байгаль орчны асуудлыг шийдэхдээ гадаад орноос хамааралтай гэсэн үг.
АНУ-д Доналд Трамп гэдэг ерөнхийлөгч гарахад Монгол Улсад иргэний нийгмийн орон зайд, төрийн бус байгууллагуудын орон зайд оруулдаг санхүүжилт 70 хувиар хумигдсан буюу монгол хүмүүс дундын асуудлаа шийдвэрлэх нөөцөө 70 хувиар алдаж байгаатай яг адилхан.
Тиймээс төрийн бус байгууллагууд нийгэм, байгаль орчныхоо асуудлыг тогтвортой шийдэхийн тулд өөрсдийгөө санхүүжүүлдэг байх нь чухал.
Иймд мэдээж бизнесийн хувьд бизнес. Гэхдээ бид төрийн бус байгууллага гэдэг аж ахуйн нэгжийн хэлбэрээр явж байгаа учраас тодорхойгүй, шийдэлгүй, бидний хайж олох ёстой маш олон зүйлүүд байгаа. Тиймээс хайж олох, мөсийг нь хагалах үүрэгтэй ажил гэж харж байгаа.
–"Импакт Лаб" төслийн дараа та юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
–Мэдээж би насаараа энэ ажлыг хийхгүй. Үүргээ биелүүлснийхээ дараа өөрийгөө бодно. Би чинь баримтат гэрэл зурагчин мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ Москвад сурч байгаад КОВИД-19-өөс болж Монголд ирээд, “Тойрог”-ийг нээсэн чинь эцэс төгсгөлгүй хариуцлага болж хувираад, түүндээ гүн ороод, өнөөдөр зургаа дахь жилийн ой дээрээ өндөрлөөд байж байна.
“Тойрог”-ийн асуудлуудыг олж харсны дараа нийгэм, системийнхээ алдаануудыг олж харсан учраас засах гээд Импакт Лабыг нээсэн.
Бидний алсын хараа маш том. Энгийн нэг төрийн бус байгууллага, кафе биш. Үнэт зүйлийн хувьсгал бүтээх хөдөлгөөнийг эхлүүлж байгаа.
Магадгүй “Юу байна даа?” гэж мэндлэхийн оронд “Сүүлд нийгэмд ямар эерэг нөлөө бүтээсэн бэ, найзаа?” гэж мэндэлдэг залуу хүнийг бүтээж чадах юм бол бүгдийн маань амьдралын чанар хамаагүй дээшилнэ.
Том зорилгын төлөө учраас би ганцаараа биш. Салбар бүртээ үнэ цэнээ бүтээсэн, тодорхой хэмжээнд өөрчлөлт авчирсан манлайлагч залуучууд нийлж, хамт олон болж энэхүү орон зай, хөдөлгөөнийг эхлүүлж байгаа учраас ачааны хувьд харьцангуй гайгүй байгаа.
Харин урт хугацаандаа хүнээс хамаарахгүй тогтолцоо бүтээнэ гэдэг нь хамгийн асуудалтай сорилт. Бид байхгүй байсан ч дараа дараагийн залуучууд, дүү нар маань өвлөөд авч явах засаглалыг л бүтээж чадах юм бол ажлаа хийсэн гэж бодож байгаа.
– Ойрыэ хугацаанд ямар асуудлыг шийдэхийг хүсэж байна вэ?
–Зан төлөв өөрчилнө гэдэг агуулга явж байгаа. Асуудал гэх юм бол нийгэм, байгаль орчин гээд хоёр төрлийн зүйл байгаа юм л даа.
Шийдвэрлэдэг газар нь зөвхөн төр гэдэг нийтлэг хүлээлт, ойлголт байдаг. Харин нийгэм гэдэг чинь өөрөө хүн юм. Төрийн бодлого хүнд чиглэдэг. Төр мэдээж дэд бүтэц, гол салбаруудаа тогтвортой авч явж чадаж байгаа юу, бодлогоор нь хангаж байгаа юу гэвэл тусдаа асуудал.
Гэтэл өнөөдөр бүх асуудал төртэй холбоотой юм шиг, амьдрал муу байгаа нь төр болохгүй байгаа болохоор гэдэг зүйл өдөр болгон яригдаад байгаа юм.
Төр болохгүй байгааг хүлээн зөвшөөрөөд, дараагийн асуултаа тавих үе дээрээ ирсэн юм шиг санагдаад байгаа юм. Бид хоорондоо ямар үнэ цэнийг бүтээж, нөлөөлж, илүү хүчтэй болоод бодлогыг өөрчилж болох юм, ядаж энэ хүмүүсийг сонгохдоо яах юм гэдэг өөрсдөөсөө шалтгаалах, иргэн хүний хувьд үүргээ биелүүлье гэдэг сэтгэхүйг суулгах нь хамгийн том ажил.
Нийгмийн асуудал гэдэг нь өөрөө дэд бүтцээр шийдэж болдог асуудал гэж байна, болохгүй асуудал гэж бас зөндөө байгаа. Харин тэр шийдэгдэхгүй байгаа асуудлыг хэн шийддэг вэ гэхээр аж ахуйн нэгжүүд. Бизнесүүд асуудал шийдэх гэж л гарч ирдэг, үүнтэй адил төрийн бус байгууллага ч гэсэн асуудал шийдэх гэж л гарч ирсэн.
Тэгвэл энэ хоёр аж ахуйн нэгжийн санал болгож байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ иргэдтэй уялдаатай байж чаддаг уу, хариуцлага тооцох уу, нөлөөлөл рүү нь чиглүүлэх үү гэдэг нь цэвэр аж ахуйн нэгжүүд хэрхэн, яаж иргэдтэйгээ харилцан холбоотой, нэг нэгэндээ хариуцлагатай, нэг үнэт зүйлтэй болгож хөгжицгөөх вэ гэдэг шал өөр өнцөг рүү бид манлайлахыг хүсэж байгаа.
Хүнд өдөр болгон нийгэмдээ оролцох боломж байдаг.
Фэйсбүүкийн постоос хандив өгөх, сайн дурын ажил хийх зэргээс цаашаа хоол идэх, хүнс авах, дэлгүүр орох, кафед суухдаа ч ямар аж ахуй нэгжийг дэмжиж, хэнд хөрөнгө оруулж байгаагаараа нийгмийн хариуцлагатай тогтолцоо руу шилжиж чадвал хүн өдөр болгон нийгэмдээ үнэ цэнийг бүтээх боломжтой.
Энэ сэтгэхүйг л суулгаж өгөхийг хүсэж байгаа.
Биднийг хамгийн хурдан ойлгоод, хамгийн хурдан хувьсаж чадах үеийнхэн бол Монголын хүн амын дийлэнх болох залуучууд. Би өөрөө ч залуу хүмүүсийн тоонд орно.
Залуу хүмүүс өөрчлөгдсөнөөрөө гэр бүлээ өөрчлөөд эхэлдэг, ээж аавдаа нөлөөлөөд эхэлдэг. Тиймээс бид магадгүй дам байдлаар үе үеийнхэндээ залуучуудаараа дамжуулаад нөлөөлөх боломж байгаа.
Хамгийн гол зүйл нь хувирах хүсэлтэй, нийгэмд оролцоогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаа, нийгэмдээ оролцоотой байх чин сэтгэлтэй тэр л оюунлаг, сэхээтэн залуучууд руугаа хүчтэй нөлөөлж, хамт олон болчих юм бол нийгмийг өөрчлөх нь цаг хугацааны л асуудал.
–Төсөл эхлүүлэх үеийн түүхээсээ хуваалцвал?
–Импакт Лабын санаа нь бараг хоёр жилийн өмнө гарч байсан. Тухайн үед тоож байсан хүн байгаагүй.
Тэгээд л эргэн тойрныхон, найзууд руугаа холбогдоод, “Ийм санаа байна аа, орох уу?” гээд л нэг мэдсэн чинь маш хурдан бараг 16-уулаа болсон байсан.
Өвөл долоо хоног бүрийн үүрийн зургаан цагт нэг нэгэндээ хариуцлагатай харагдах гээд л цугладаг байлаа. Бид бүгд л дор бүрнээ нэг аж ахуй нэгж ажиллуулж байгаа хүмүүс л дээ.
Тэгээд анх мөнгөө босгох гээд платформуудтайгаа хамтраад, цуврал арга хэмжээнүүд зохион байгуулъя гэсэн юм. Барнуудаас хаягдал шил цуглуулаад, стресс тайлахын тулд хагалуулах зэрэг найман арга хэмжээ зохион байгуулсан.
Энэ үе бидний хувьд маш амттай аялал байсан. Учир нь Монгол Улсад ийм олон хүнийг хамарсан арга хэмжээнүүд байдаггүй байсан. Тиймээс нэгнээсээ урам аваад гоё байсан.
Дараа нь нийгмийн төлөөх бизнесүүдийнхээ бүтээгдэхүүнүүдээр шинэ жилийн багц гаргаад, жижиг өрөө түрээслэн борлуулсан.
Мод зарах гээд өвөл үхүүлэхгүйн тулд байнга усална. Тэгэн барин мөнгөө босгоод, Сингапурт төвтэй Лоринет гэдэг санд өөрсдийнхөө хийсэн ажлыг тайлагнасан чинь “Оролцъё, дэмжье” гээд, шууд бидний санхүүжилтийн гуравны хоёрыг гаргасан.
Тэгээд шууд нээхээр болсон чинь бидний нэг ч кафе ажиллуулж үзээгүй. Хэдэн цагт нээгээд, хэдэн цагт хаахыг нь мэддэггүй хүмүүс байсан. Ажил нэгэнт эхэлсний араас юм уу, эсвэл бүр эрт нээдэг гэдэг ч юм уу, кофеныхоо машиныг асааж ч чадахгүй мэтчилэн асуудлууд байсан ч хөгжилтэй байсан.
Асуудал гэдэг чинь шийдээд шийдээд явдаг болохоор бид ч адилхан. Учир нь маш амттай, маш хөгжилтэй аялал болж байгаа.
Хөгшрөөд эргээд санахад энэ аялал хамгийн галзуу, урамтай, шийдэмгий, эр зоригтой он жилүүд байх болов уу л гэж боддог юм.
–Танай баг нийт хэдүүлээ байгаа вэ?
–Манай хамт олон гэх юм бол олуулаа. 13 байгууллага манайхтай хамтран ажилладаг. Үүнд Ноорог, Позитив Дадал,Тако, Монголиан Вижуалс, Фрейм, Нью Номадс, Зориг сан гэх мэт байгууллагууд байна.
Манай яг гүйцэтгэх баг гэх юм бол кафе дээр гурван Бариста охин, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Цэлмэг, Харилцаа холбоо эрхэлсэн менежер Мичка гээд байна.
Харин төрийн бус дээр Судалгаа хариуцсан ахлах Азаа, Чадавхжуулах хөтөлбөр хариуцаж байгаа Оюумаа, Технологийг хариуцаж байгаа Түвшөө гэх мэт есүүлээ ажиллаж байна.
– Ойрын хугацаанд зорьж байгаа томхон арга хэмжээ байгаа юу?
–Бид контент бүтээдэг хүмүүсийн клуб нээсэн. Тэд бизнестэй хамгийн ойр ажилладаг хүмүүс. Тиймээс нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний талаар агуулгыг хүргэх, эдгээр хүмүүс өөрсдийнхөө санаачилгаар оролцох, нийгмийн байгууллагуудтай хамтрах зэрэг санаачилгуудыг ирээдүйд төсөөлөөд явж байгаа.
– Танай багийн нэг гишүүн болъё гэвэл нэгдэж болох уу? Дэмжье гэвэл яаж дэмжих вэ?
–Сайн мэдэхгүй л байна. “Нэгдье” гээд ороод ирдэг, орж ирээд хариуцлага хүлээж чадах уу гэдэг дээр санаа зовох, энерги шаардах болохоор бид өөрсдөө энд аахилчихсан явж байгаа юм.
Хэрвээ үнэхээр нэгдмээр, ормоор байвал хувийн чатаар бичээрэй. Импакт Лаб нь өөрөө бүх талт оролцоог хангаж байгаа болохоор манай кафегаар үйлчлүүлэхэд л хөрөнгө оруулалт болж байгаа юм.
Нөгөөтэйгүүр манайд үргэлж арга хэмжээнүүд зохиогдож байгаа. Төлбөрөө төлөөд тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа байгууллагыг дэмжээд явж болно.
– “Тойрог” хувцасны дэлгүүрээ буцааж нээх үү?
– Аливаа хүн мөрөөдөж, зорилго тавьдаг. Үүнтэй адил байгууллага ч гэсэн адилхан зорилготой үүсгэн байгуулагддаг.
Харин “Тойрог”-ийн зорилго нь хуучин хувцсыг соёл болгох л зорилготой байсан. Тэрнээс дэлгүүр ажиллуулах гэж ч юм уу, комиссын бараа зарах гэж ч юм уу, эсвэл үүрд хуучин хувцасны дэлгүүр байлгах гэж нээгээгүй болохоор зорилгодоо бол үнэхээр хүрч чадсан гэж харж байгаа.
Нэг үгээр нийгмийн бизнесүүдийн хувьд өөрөө өөрийгөө устгах гэж үүсгэн байгуулагдсан байдаг гэх юм уу даа. Яагаад гэвэл зорилго нь нийгмийн төлөө. Харин тэр нийгмийн төлөөх зорилго биелнэ гэдэг нь тухайн соёл нь цаашдаа өөрөө өөрийгөө төлжүүлээд, хэрэглэгчид нь бүр олон болоод хөгжөөд л явна гэж харж байгаа.
Энэ туршлагаас харахад аливаа зүйлд олуулаа нэгдэж чадах юм бол нийгэмд тогтсон хэм хэмжээг эвдэж чадна. Цаашлаад ирээдүйд өөрийн үүсгэн байгуулах компанийг хүртэл өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй болгох байх.
- Шинээр сошиал энтэрпрайз хийж эхлэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгвөл?
-Одоо шинээр сошиал энтэрпрайз хийж эхлэх гэж байгаа хүмүүс бол маш их азтай. Нэг гэртэй болсон байна, очих газартай болсон байна, судлаачид нь нэг газар цугладаг болсон байна.
Хэрвээ үнэхээр нийгмийнхээ төлөө дуугарахыг хүсэж байгаа, энэ салбар руу орж ирмээр байгаа хүмүүст эргэх цэгтэй, ирэх газартай болсон л гэсэн үг.
Тиймээс энд ирсэн байхад ядаж ганцаараа биш, олуулаа асуудалтай байсан ч олуулаа хуваалцъя. Хүрээд ирвэл халуун дулаанаар угтана шүү гэж хэлье.
Сэтгэгдэл үлдээх