О.Цогтгэрэлтэй хамаарал бүхий компаниуд 5.2 тэрбум төгрөгийн тендер авчээ

.Graph
2026-09-23

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурц өчигдөр сэтгүүлчдэд АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-аас 54 тендер авсан хэмээн мэдэгдсэн.

Нээлттэй мэдээллийн сангаас О.Цогтгэрэлтэй хамаарал бүхий компаниудын төрийн худалдан авалтад оролцсон мэдээллийг тулгахад “Грийн импекс”, “Грийн дистрибьюшн”, “Грийн индастри” гэсэн гурван компанийн нэр дээр 2020-2025 онд нийт 54 удаагийн өөр үнийн дүн бүхий тендер, худалдан авалтын гэрээний мэдээлэл байна.

Эдгээрээс “Грийн импекс” ХХК 18, “Грийн дистрибьюшн” ХХК 19, “Грийн индастри” ХХК 17 удаа тус тус 44-468 сая төгрөгийн гэрээний дүн бүхий тендерт шалгарсан. 

Грийн импекс ХХК

Хувь эзэмшигчээр Одонгийн Дамжин, Наранбат, Өлзийтөгс, Сайнжаргал, Цогтгэрэл зэрэг ах дүү нар бүртгэгдэж байсан бол 2019 онд бүгд хасагдаж, одоогоор 100 хувь Магсарын Сүхбаатарын эзэмшилд байна.

Тус компани 2020-2024 онд Хүнс хангамжийн төв, Дулааны IV цахилгаан станц, АШУҮИС-ийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Багачууд хүнс, Өсвөр үе хүнс, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг байгууллагын хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтад оролцсон.

Тухайлбал, 2024 онд “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын зарласан хүнсний бүтээгдэхүүний будаа, гоймон, элсэн чихрийн таван багцад нийт 1.2 тэрбум орчим төгрөгийн гэрээний дүнтэй мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 468.6 сая төгрөгийн будааны багц, 419.6 сая төгрөгийн гоймонгийн багц юм.

Грийн дистрибьюшн ХХК 

Хувьцаа эзэмшигчээр Одонгийн Наранхүү бүртгэлтэй байсан бол 2020 онд хасагдаж, одоо мөн Магсарын Сүхбаатарын эзэмшилд байна.

Тус компани 2025 онд Налайх хангамжийн төв, Өсвөр үе хүнс, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүнс хангамжийн төв, Багачууд хүнс, Дулааны IV цахилгаан станц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа баривчлах байр, Асгат ОНӨААТҮГ зэрэг байгууллагын хүнсний бүтээгдэхүүний тендерүүдэд оролцсон.

Тухайлбал, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын зарласан будаа, элсэн чихэр, гоймон, зөгийн балны багцуудаас 88.3-310.8 сая төгрөгийн гэрээний дүнтэй хэд хэдэн мэдээлэл бүртгэгджээ.

Мөн Хүнс хангамжийн төвийн 2025 оны Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэг, сургуулийн үдийн хоолны хүнсний бүтээгдэхүүний тендерээс будаа 242 сая, гоймон 116.08 сая, зөгийн бал 75.8 сая төгрөгийн багцуудад “Зөвшөөрсөн” төлөвтэй мэдээлэл байна.

Грийн индастри ХХК

Хувьцаа эзэмшигчээр Одонгийн Дамжин, Наранбат, Өлзийтөгс, Сайнжаргал, Өлзийтөгч зэрэг ах дүү нар бүртгэлтэй байсан бол одоогоор 100 хувь Магсарын Сүхбаатар эзэмшиж байна.

Тус компани 2018-2020 онд Цэргийн төв эмнэлэг, Хүнс хангамжийн төв, Өсвөр үе хүнс, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтад оролцжээ.

Тухайлбал, 2020 онд Цэргийн төв эмнэлгийн будаа, гурил, гоймонгийн худалдан авалт, Хүнс хангамжийн төвийн гурил, гоймонгийн тендер болон “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээнүүд бүртгэгдсэн байна.

Ийнхүү УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэлийн өөрийнх болон ах дүү нарынх нь үүсгэн байгуулсан хамаарал бүхий дээрх гурван компанийн нэр дээр төрийн байгууллагуудын зарласан олон арван тендер, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх худалдан авалтын гэрээ бүртгэгдсэн нь тодорхой байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд УИХ-ын гишүүн зэрэг өндөр албан тушаал эрхэлж байгаа болон эрхэлж байсан хүн, түүнтэй хамаарал бүхий этгээдийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны нийлүүлэгч, гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглосон зохицуулалт бий. Мөн хуульд нийтийн албан тушаалтан албан үүргээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн ашиг сонирхолд ашиглахгүй байх зарчмыг тогтоосон байдаг.

Түүнчлэн УИХ-ын тухай хуулийн гишүүнд хориглох үйл ажиллагааны зохицуулалтад гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах, мөн эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгохыг хориглодог.

Иймээс 2020 оноос хойш ард түмнийг төлөөлөн УИХ-д сууж буй О.Цогтгэрэл эсхүл түүнтэй хамаарал бүхий компаниуд тендерт хууль ёсоор өрсөлдөж, шалгуураар үнэлэгдсэн эсэхээс илүүтэй УИХ-ын гишүүний хувийн ашиг сонирхлын асуудал хөндөгдөж байна.

Ялангуяа 2020-2025 онд МАН парламентад олонх буюу Засгийн эрхийг голлон хэрэгжүүлж байсан үед сөрөг хүчний намын дарга, УИХ-ын гишүүний өөрийнх нь болон ах дүү нартай нь холбоотой байсан гэх компаниуд төрийн байгууллагуудаас олон арван худалдан авалтын гэрээ авах болсон нь “төрийн тендерт хууль ёсоор өрсөлдсөн” гэх тайлбараар халхлагдахгүй.

Төрийн түшээ нарын ёс зүйн асуудалд эргэлзээ төрүүлж, шударга ёсны талаар иргэдийн итгэлийг дахин хөсөрдүүлсэн жишээ боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe