Хүндээ ч нэмэргүй, төсөвт ч гарзтай "Цалинтай ээж"-ийн 50 мянга

О.Онон
2024-04-17

Эмэгтэй хүн хүүхэдтэй болсноор өлсгөхгүй, дааруулахгүй, өвдөж зовоохгүй, гэнэтийн осол, гэмтлээс хол байлгахын сацуу хүмүүжүүлж, хөгжүүлж, нийгэмшүүлэх зэрэг тэдний гүйцэтгэдэг ажлыг тоолж баршгүй. Дан ганц хүүхдэд бус гэр бүлийн бусад гишүүдэд анхаарах, тэдний хоол хүнсийг бэлтгэх нь мөн л тэдний үүрэгт ажлуудын нэг. Үүнээс гадна гэрээ цэвэрлэх, хүнсээ цуглуулах гээд аж ахуйн ажил ч мөн тэднээс хараат. Эмэгтэйчүүд өдөрт 16.4  цагийг үнэ хөлсгүй асрах хөдөлмөр эрхэлдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл энгийн нэг ажилтан өдөрт 8 цаг ажилладаг гэж тооцвол, Монгол ээжүүд тэднээс хоёр дахин илүү цагаар ажилласныхаа хариуд сард 50 мянган төгрөгийн цалин авдаг.

Монгол Улсын хэмжээнд нийт 200 мянга гаруй эх “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагддаг. Цалин хэмээн нэрийдэж буй 50 мянган төгрөг нь яг цалин мөн үү. Бид энэ талаар сурвалжиллаа. 

Сургуулийн модтой орчин, орон сууцны гадна талбайд байрлах саад, сандал бараадан тухлах хүмүүс бол яах аргагүй ээж нар. Тэд өдрийн хамгийн дулаан үе эсвэл сургууль цэцэрлэг тарах эл үеэр хүүхдийн хамт агаарлан суудаг. Бид тэднийг зорин очиж яриа авахыг хүссэн ч зарим ээжүүд яриа дэлгэхээс цэрвэж, нөгөө хэсгээс нь бид өөрсдөө холдон одов. Яагаад холдсон юм бэ гэж үү, тэнд бяцхан хүмүүс өдрийн унтлагаа хийж байсан хэрэг. Ингэж явсаар цэцэрлэгээс хүүхдээ авч байсан ээжүүдтэй цөөн хором ярилцсан юм.

Ээжүүд: Ганц уут памперс авч чадахгүй мөнгийг цалин гэж нэрлэхэд хэцүү. Нэмэх шаардлагатай

Х.Гэрэлтуяа: Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг бол цалин гэхэд хэцүү. Жаахан нэмээд өгвөл зүгээр л санагддаг. Тэр мөнгөөр памперс бүтнээр нь авч чаддаггүй, ширхгээр  нь авдаг. Тэгээд сүү, тараг аваад л дуусчихдаг. 

А.Нямхүү: "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөг хүрэлцээгүй. Нэг уут памперс авч ч хүрдэггүй. Хүүхдийн нухаш, каш зэргээс хоёроос гурвыг аваад дуусчихдаг. Тэр нь хэд хонох вэ, цалин гэж хэлэхэд инээдтэй л мөнгө. 

Г.Мөнхтуяа: Ер нь бага мөнгө шүү дээ. Тэр мөнгөөр хүүхдийнхээ памперс авч ч хүрдэггүй. Нэмчихвэл зүгээр гэж боддог. Хүүхдэдээ идэх юм л авч өгдөг. Өөр зүйл авч хүрдэггүй. Нэг өдрийн л хэрэглээ. 

Д.Нандин-Эрдэнэ: Ер нь хаанаа ч хүрэхгүй мөнгө. Бараг нэг өдрийн л хүнсний мөнгө. Нэмэгдчихвэл зүгээр хэмээсэн юм. 

Цалинтай ээжийн 50 мянган төгрөг нэг хүүхдийн хоёр хоногийн хэрэглээг л хангана

Бидэнтэй ярилцсан ээж нар ихэвчлэн “Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгөө хүүхдэдээ зориулдаг хэмээсэн тул энэ мөнгөөр яг ямар худалдан авалт хийж болохыг харахаар шийдэв. Ингээд бид цааш дэлгүүр орлоо. 

Дэлгүүрийн ахуйн хэсэгт байрлах хүүхдийн бүтээгдэхүүнүүдийн дэргэд ирэв. Хамгийн түрүүнд памперс авахаар гар сунгасан боловч том савлагаатайг нь авах юм бол 50 мянгаас хэтрэхээр харагдаж байв. Тиймээс жижиг савлагаатайг нь сонголоо. 20 ширхэгтэй энэ живх 26'240 төгрөг. "Цалинтай ээж"-ийн мөнгөний тал хувиар хоёр хоног л хэрэглэхээр тооны живх худалдан авч чадав. 

Мөн нойтон сальфеткаас дундаж үнэтэйг нь авлаа. Энэ нь 3780 төгрөг. Үүнээс гадна зуурч хэрэглэдэг кашийг 13'730, 190 гр бүхий шилтэй жимсний нухшийг 3000 төгрөгөөр авсан юм. Ингээд бидэнд 3000 төгрөг үлдэж байна. 

Хамгийн сүүлчийн худалдан авалтдаа тараг авахаар болов. Уг нь том тараг авчихмаар байвч мөнгө хүрээгүй тул жижгийг авсан. Энэ нь 3500 төгрөг. 

Ингээд бидний худалдан авсан таван нэр төрлийн бараа нийт 50'250 төгрөг болов. Дээрх зүйлс нэг хүүхдийн 2 өдрийн хэрэглээнд л хүрэхээр харагдаж байлаа. 

Б.Лакшми: “Цалинтай ээж” гэж байгаа бол цалинтай дүйцэхүйц мөнгийг олгох ёстой

Хэрэв ээжүүд хүүхдээ асрахынхаа хажуугаар нэмэлт орлого олохдоо НДШ төлсөн тохиолдолд улсаас олгож буй 50 мянган төгрөгөө авч чадахгүйд хүрдэг байна. Бид энэ талаар эдийн засагч Б.Лакшмигаас тодрууллаа.

Тэрээр “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд ээжүүдэд сард 50 мянган төгрөг өгдөг. 50 мянган төгрөг авч буй ээж хааяа нэмэлт орлого олох боломж нь нээгдээд хэдхэн хоног ажиллах юм бол 50 мянган төгрөгийг нь хасчихдаг. Нэг тийм онцгүй жишиг тогтчихоод байна. Монгол Улсын хувьд аль болох олон хүүхэд төрүүлэх, хүн амаа өсгөх бодлогын хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэх тохиолдолд эргээд ээжүүдэд 1 сая эсвэл 1.5 сая төгрөгийн нэмэлт орлого олох тэр боломжийг нь нээж өгөх ёстой гэж би бодож байна. Яагаад вэ гэвэл, өнөөдөр 50 мянган төгрөг бол үсрээд нэг уут памперс авах л мөнгө. Тэр мөнгийг өгчхөөд тэр хүний ажиллах, хөдөлмөрлөх, нэмэлт орлого олох тэр эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа нь буруу гэж бодоод байна. 

Мэдээж сонгуулийн дараа бол энэ “Цалинтай ээж”-ийн цалинг нэмэх бол боломжгүй гэж харж байна. Яагаад вэ гэвэл, нэгдүгээр шалтгаан нь УИХ-ын сонгуулийн дараа ямар гишүүд сонгогдох вэ гэдэг нь чухал байгаад байна. Энэ жилийн төсөвт суугаагүй. Тэгэхээр энэ жилийн хувьд ямар ч боломжгүй болчхож байгаа юм. Тэгэхлээр хэрэв нэмэх тохиолдолд дараа жилээс л төсөвт суулгаж байж нэмэгдэх боломж нээгдэнэ. Дорвитой боломж нээж өгөх үүднээс нэмэлт орлого олох, үгүй бол тэр хүүхдээ харж буй ээжид “Цалинтай ээж” гэдгийг цалинтай дүйцэхүйц мөнгийг олгох ёстой” хэмээсэн юм. 

“Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл гаргасан ч ажил хэрэг болоогүй

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50'000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл санаачилсан.

2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны байдлаар 102 мянга давсан. Хэрэв 100'000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлж байсан. Харин одоогийн байдлаар тус мөнгөн тэтгэмж нэмэгдээгүй, дараа жил нэмэх тухай яригдаж байгаа юм. 

Олон улсын жишиг

Дан ганц Монголд бус гадны орнуудад мөн асрахуйн эдийн засгийг олж харж, тийш чиглэсэн бодлого хэрэгжүүлж яваа. Тухайлбал, асрахуйн эдийн засаг хөгжсөн, халамжийн бодлогоороо тэргүүлдэг орнуудын нэг нь Финланд улс юм. Финландад гурваас доош насны хүүхэд цэцэрлэгт явдаггүй, гэрт нь өсгөдөг тул өрхөд сард 338 евро олгодог байна. Энэ нь Монгол мөнгөөр тооцвол 1.2 сая төгрөгтэй тэнцэнэ. 

Харин Шведэд хүүхдийг найман нас хүртэл нь асрах тэтгэмж өгдөг. Мөн хүүхдээ асрахаар ажил, сургуулиа орхисон, ажил хайхаа больсон эцэг, эхэд өдөрт 250-952 крон өгдөг. Үүнийг Монгол мөнгөөр тооцвол 77- 293 мянган төгрөг юм. Тэгвэл нэг сараар тооцвол 7500-28.560 крон буюу Монгол мөнгөөр 2.3-8.7 сая төгрөг гэсэн үг. Өдрийн тэтгэмжээс гадна орон сууцны зардлын тэтгэмжийг мөн өгдөг аж. 

Энэ онд "Цалинтай ээж" хөтөлбөрт 120 тэрбум төгрөг зарцуулна

"Цалинтай ээж" хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 507 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ оны тухайд 120 тэрбум төгрөг зарцуулахаар төсөв суулгасан байна. 

Энэ бүхнээс харахад, "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөг нь авч буй эхчүүдэд ч нэмэргүй байгаа нь илт байна. Гэвч нийт дүнгээр нь аваад үзвэл, төсөвт нэлээн жин дарж байгаа харагдана. Өөрөөр хэлбэл, "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөг хүндээ нэмэргүй ч төсвийн нэг гарз болоод л өнгөрч байна. Тиймээс нэг хүүхдийн 4-5 хоногийн хэрэглээний живх авч чадах энэ цалинг эдийн засгийн байдал, үнийн хөөргөдөл зэрэгт тохируулбал бодитой дэмжлэг болж чадахаар харагдаж байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Тийм шүү памперсны мөнгө ч хүрэхгүй манай улс шиг ийм инээдтэй хөтөлбөртэй улс байна уу

Цэцэгмаа

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe