Монголчууд бид өчигдөр их хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөө цагт хоёр том гүрний дунд хавчигдан ядаж байгаа Монгол гэх улс цагтаа цалгиж явсан юм шүү гэдгийг түүхэнд үлдээсэн Чингис хаанаар бид бахархахгүй байхын аргагүй ээ. Анзаараад байхад бахархлын өдрийн хамгийн чухал үг “эв нэгдэл” байв. Ерөнхийлөгч угаас үүрэгтэй учраас илтгэлд нь дурдагдсан байх. Харин УИХ-ын дарга төрийн дээр гарч суусан намын дарга, Ерөнхийлөгч хоёртоо хүндэтгэл үзүүлснийхээ дараа тавьсан илтгэлдээ тэр үгийг мөн дурдлаа. Бүх л УИХ-ын гишүүд хэвлэлд өгсөн ярилцлагадаа эв нэгдэлтэй байх хэрэгтэй гээд л ярьж байгаа харагдсан. Тал талаасаа эмтэрч хэзээ мөдгүй бутран унахад бэлэн болсон байгаа энэ үед орой руу орох үг юм уг нь. Гэхдээ энэ цаг үед хамгийн худал үг шиг сонсогдов. Олон нийтээс оноо авах гэсэн үг байв уу, үнэхээр эвлэж нэгдэх чухал гэдгийг олон сарын тэмцэл нь тэдэнд ойлгуулчхав уу. Төрийн дээр гарсан эрх баригч намын хагарал нийгэмдээ халдаж иргэд ба нам гэж зураас татсан. Энэ үйл явцад соргог байж нийгмээ зөв залуурдах үүрэгтэй хэвлэл, мэдээллийн байгууллагууд нь ч гэсэн хоорондоо талцаад эхэлсэн. Нөгөө л нэг идсэн, уусан, авсан, алдсан. Хаанаас нь ундарч гардаг их өс хонзон, уур бухимдал юм. Зэрлэгшиж зуухаас өөр коммандгүй болсон зуудаг нохой шиг л аашилцгаах юм. Төрд шударга ёс, хэвлэлд эрх чөлөө нь алдагдаад ирэх үед зөв зүг гэж байхаа больж тэмцэлдэхээс өөр шидгүй болцгоодог. Шударгын дүрээр төрийн эрхийг гартаа оруулж аван шударга ёсыг давж алхдаг улс төрчид хожоод л дуусдаг. Үндсэн мөнгөн дэвсгэрт нь үнэ цэнгүй болсон олон улсын жишээг бид хэдий нь мэднэ.
Их хуралд суудалтай намуудаас дотроо зөрчилгүй, хуваагдаагүй нам бараг үлдсэнгүй. ИЗНН нэг хэсэг хоёр даргатай болоод би жинхэнэ нь чи хуурамч нь гээд явж байсныг санаж байгаа байх. Түүний өмнө Ж.Золжаргал гишүүн намын арга барил таарахгүй байна гэх шалтгаанаар ХҮН намаас гарч байгаагаа илэрхийлж байсан. Энэ хугацаанд МАН-ын айхтар хагарал үргэлжилсээр л. Одоо тэгсэн арайхийж учираа олж эхэлсэн Ардчилсан нам эргээд бут үсрэх нь ээ. Таван нам нэгдэж анх байгуулагдах үедээ л тэд анх нэгдэж байсан байх. Түүнээс хойш байнга л дотроо талцаж нэгнээ дүрдэг байв. Энэ удаагийн цуурлын цаад шалтгаан нь намын даргаа солих юм шиг. Эсвэл тэгж шахалтад оруулж байгаад дутуугаа нөхүүлэх гэсэн фракцуудынх нь санаа ч юм уу. Ямартай ч Төрийн ордонд ард түмний төлөөлөл болж суугаа тэд үндсэн ажлаа хийх завгүй улс төржиж байна. Эв нэгдэл гэдэг үг энэ цаг үеийн улс төрд хамгийн хэрэгтэй ч юм шиг. Гэхдээ аман дээрээ хэлж байгаа ч цаанаа үүнийг үнэхээр хүсэхгүй байгаа нь илт.
Ерөнхийлөгч үндэсний эв нэгдийг илэрхийлэн хамгаалах үүргээ биелүүлмээр байна
Монголчуудын хэрэглэж заншсан энгийн 92 олдохоо байгаад удаж байна. Хонон өнжин байж арайхийн авдаг болсондоо бараг баярлаад ч байх шиг. Зарим үед олдсон дээр нь гээд л бараг зургаан мянган төгрөгийн үнэтэй евро-92-оор банкаа хагаслаад гарч байна. Цахим кармандаа мөнгөтэй явдаг ч хүн цөөхөн болж. Царай нь баргар, цаанаа л нэг гомдолтой иргэд. Нэг тийм хичээгээд байхад л өөдөлж өгдөггүй амьдрал нь царайны хувирал болон гарч байгаа нь энэ. Орой болгон уушийн газарт хөлчүүрхэж байж л зовлонгоо мартдаг түмэн. Нийгмийн сүлжээнд нэгнийгээ мэрсэн өөрөөсөө өөр дүрүүд. Ийм байхад бидэнд эв нэгдэл гэдэг үг ер нь ямар ач холбогдолтой юм ч гэж бодох шиг. Төрийн ордонд шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь эв нэгдэлтэй байж чадахгүй эрх мэдлийн төлөө улайран алалцаж байхад гадаа бид мянга нэгдээд яах вэ дээ. Эв нэгдэл гэдэг үгээр балга шатахуун авах биш, килограмм мах авах биш, ганц талх болох ч биш. Монгол Улсын Ерөнхийлөгч өө эвлэж нэгдэх ёстой хүмүүс нь төрийн ордонд суугаа улс төрчид та нар байна аа. Эх оронд чинь юу болоод байгаа вэ гэдгийг тогтож нэг хараад, нөхцөл байдлаа тунгааж бас ойлгоод эрх мэдлийн төлөөх самуурлаа хойш нь тавьж Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэх цаг нь болсон байх аа. Эрх баригчдын эмтэрсэн эв нэгдлээс болж иргэд туйлдаж байгаа гэдгээ үүнээс илүү яаж харуулах вэ. Илтгэлээ чимсэн эв нэгдэл гэдэг үг чинь иргэдийн оюун, санаанд хүчтэй буух өдөр нь жагсаал, цуглаан биш байгаасай гэж хүсэх юм.
Сэтгэгдэл үлдээх