Байгуулаагүй хотын суурьшаагүй иргэдийн эрүүл мэндэд анхаарна гэв үү

.Graph
2026-11-11

Улаанбаатар хотоос 53, Зуунмод хотоос 10 км зайд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчим Хөшигийн хөндийд Хүннү хот байгуулахаар суурь дэд бүтцийн ажлуудыг эхлүүлээд буй. Тус хотод 150 мянган оршин суугч төвлөрч, 80 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн. Хүннү хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, бүрэн эрхт төлөөлөгч нь Соёлын дэд сайд асан М.Батбаяр.  

Саяхан Захирагч М.Батбаяр Эрүүл мэндийн яамны албан хаагчидтай уулзаж, Хүннү хотын төлөвлөлтийг эрүүл мэндийн салбарын ажилтай уялдуулах талаар хэлэлцүүлэг хийсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, хардлага дагуулав. 

Учир нь Хүннү хэмээх хүн суурьшаагүй эзэнгүй хотод өнгөрсөн жил багагүй мөнгө зарцуулж, тэдгээрээс аудитын зөрчил бөөн бөөнөөрөө илэрч байв. Хүннү хотын захирагчийн ажлын албаны 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар дараах зөрчлүүд илэрсэн. 

Хүннү хотын удирдлага өнгөрсөн жил үйл ажиллагаа явуулаагүй оффисын зориулалттай байранд багагүй мөнгө төлж байв. Мөн сонгон шалгаруулалтгүйгээр оффис түрээсэлж, зах зээлийн ханшаас өндөр үнэ төлсөн байдаг. Үүнээс гадна цай, кофе, нэрийн хуудас хэвлүүлэх зэрэгт төрийн мөнгийг гамгүй зарцуулсан нь аудитаар илэрсэн. Тодруулбал, зөвхөн цай кофенд 4.7 сая төгрөг, нэрийн хуудас хэвлүүлэхэд 700 мянган төгрөг, элдэв уралдаан тэмцээний шагналд 1,080,000,000 (Нэг тэрбум наян сая) төгрөг шилжүүлснийг аудит тогтоожээ. 

М.Батбаяр захирагч энэ удаад эрүүл мэндийн салбарынхныг цуглуулж, Хүннү хотын  иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах хэрэгцээ, шаардлагын талаар хэлэлцүүлсэн нь дахиад төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах нь хэмээх хардлага дагуулсныг дахин онцолъё. 

Мөн иргэд байгуулаагүй хотын суурьшаагүй иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгцээ шаардлага, төлөвлөлтийн тухай ярьж суухаар одоо дэгдээд байгаа ханиад томуугийн тархалтдаа анхаар хэмээн Эрүүл мэндийн яамныханд зөвлөснийг үүгээр дайя. 

Учир нь улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжил өндөр, эмнэлгүүдийн ор хүрэлцээгүй байгаа.  Өвчлөгсдийн 77.1 хувь нь 15 хүртэлх насны, 49.6 хувь нь 5 хүртэлх насны хүүхэд. Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81.0 хувь нь 15 хүртэлх насны, 65.3 хувь нь 5 хүртэлх насныхан байгаа юм. Тиймээс иргэдгүй хотын эрүүл мэндийг төлөвлөж суухын оронд томуутайгаа дорвитой тэмцэх цаг биш үү, Эрүүл мэндийн яамныхаан. 

Аудитынхан нийт 2,4 тэрбум төгрөгийн 11 зөрчил илрүүлсэн бөгөөд төлбөрийн гурван акт тогтоож, зөрчлийг арилгуулах албан шаардлага тав, зөрчлийг давтан гаргахгүй байх гурван зөвлөмж өгсөн байна. Мөн Хүннү хотын захирагчийн албаны дарга Ц.Буманбуян, нягтлан бодогч Г.Мөнхцолмон нараар үргүй зарцуулсан цай, кофены төлбөр, нэрийн хуудас хэвлүүлсэн мөнгө, тайлагнаагүй дотоод томилолтын зардлыг нөхөн төлүүлэх акт гаргажээ. 

Эцэст нь хэлэхэд, Хүннү хотын захирагч төсвийн мөнгөөр дараагийн хэлэлцүүлгээ эхлүүлж, дахиад үр ашиггүй зардал гаргах вий хэмээн олон нийт санаа зовниж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe