Сэлбэ ухаалаг хотын барилгууд энэ намар халаалтаа авна

З.Амирлан
2026-09-23

Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх хүрээнд хэрэгжүүлж буй "Сэлбэ ухаалаг хот" төсөл нь 158 га талбайг хамарсан бүтээн байгуулалт юм. Энэ нь Улаанбаатар хотын III, IV хорооллыг VI бичил хороололтой нийлүүлсэнтэй дүйцэхүйц газар нутаг, оршин суугчтай бие даасан шинэ дэд хотыг бүтээж буйгаараа онцлогтой.

Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Дийлэнх блокын давхрын цутгалт дуусаж, барилгын дотор засал, сантехник, өрлөгийн ажилд шаталсан байдлаар шилжижээ.

"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байна.

Нийт 113 блок барилга төлөвлөгдсөнөөс 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж, талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

Энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад үндэсний 4 бүтээн байгуулагч, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Түүнчлэн Сэлбэ ухаалаг хотыг бий болгох энэ төсөлд өнөөг хүртэл 253 ААН, хуулийн этгээд оролцож буй юм. 


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe