Баянхошуу дахь бизнес эрхлэгчид болон хүүхэд, залуусын хөгжих шат нэг алхам урагшиллаа

Д.Халиунаа
2026-09-23

Баянхошуу дүүрэгт 60 мянга гаруй иргэн амьдардгаас 31,865 нь хөдөлмөрийн насныхан байна. Эдгээр хөдөлмөрийн насны иргэдийн 5,000 гаруй нь ажилгүй байна гэх тооцоолол бий. Тэгвэл Нийслэлийн Бизнес, инновацын газар, “Рио Тинто Монгол” ХХК хамтран хүүхэд, залуучууд, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өсөлт хөгжлийн төв”-ийг Баянхошуу дэд төвд нээлээ.  

Энэхүү төв нь өнгөрсөн хоёр гаруй сарын хугацаанд туршилтын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, бодит үр дүнгээ харуулж эхлээд байна. Энэ хугацаанд 60 гаруй бичил бизнес эрхлэгч бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх чиглэлээр дэмжлэг авч, 300 гаруй хүүхэд, залуучууд англи хэлний сургалтад хамрагдсан бол 120 хүүхэд жиү жицү спортоор тогтмол хичээллэх болжээ. 

Баянхошуу дүүрэгт гурван ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бол эдгээр сурагчдын бараг 90 хувь нь тус төвийн англи хэлний сургалтад хамрагдаж байна.  

Мөн 150 гаруй залуу хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх сургалт, хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж, “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэгч байгууллагад дадлагажин ажлын туршлага хуримтлуулах боломж бүрджээ.

Уг төслийг хэрэгжүүлэхээс өмнө хийсэн орон нутгийн хэрэгцээний судалгаагаар иргэдийн 53 хувь нь ажлын байрны боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн бол 71.3 хувь нь хүүхэд, залуучуудад зориулсан хөгжлийн орон зай бүрдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Иймд энэхүү “Өсөлт хөгжлийн төв” нь эдгээр хэрэгцээ, шаардлага, хүсэлтийг бодитоор шийдвэрлэхээс гадна ирээдүйгээ бүтээхэд нь дэмжлэг үзүүлэх орон зай юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe