Баавгайтай улаан гараараа тулж байгаа тул 1.8 тэрбум төгрөгийг улсын нөөцөөс гаргуулахаар боллоо

З.Амирлан
2026-09-23

Өнөөдрийн /2026.09.23/ Засгийн Газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг танилцууллаа.. 

Байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир: “Сүүлийн нэг сарын хугацаанд 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй тохиолдол бүртгэгдлээ. Мөн хоёр хоногийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн тохиолдол гарлаа. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, идэш тэжээлийн хомсдолтой шууд холбоотой гэж дүгнэж байна. Зарим баавгайд задлан хийхэд ходоодонд ямар ч хоол тэжээлийн зүйл байхгүй, туранхай эцэнхий, шарх сорви ихтэй байсан. Мөн 1980 оноос хойш хүрэн баавгайн тооллогыг хийгээгүй тул тоо толгой өссөн байж болзошгүй.

Орон нутгийн байгаль орчны газар, улсын байцаагчид мотоциклтой нь мотоциклоороо, унаагүй нь явган явж, ямар нэгэн авран хамгаалах багаж, техник хэрэгсэлгүй улаан гараараа тулж байна. Тиймээс эхний ээлжид унтуулдаг буу болон баавгайг үргээх шүршдэг цацлагыг богино хугацаанд импортоор авна. 

Нөгөөтээгүүр төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн орон нутгийн алба хаагчид өөрсдөөсөө шатахуун, унаагаа гаргадаг. Тиймээс түлш болон, томилолтын зардлыг нэмэгдүүлэхийг хэлэлцсэн. Ийнхүү нийтдээ 1.8 тэрбум төгрөгийг улсын нөөцөөс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Мөн тусгай хамгаалалтын газар нутгуудад баавгайг амьдаар нь баригч торыг хийлгэх, амь тулсан нөхцөлд амиа авран хамгаалах үүднээс баавгайг буудах чиглэлийг өгсөн. Жишээлбэл Дархан-Уул аймагт л гэхэд 3 баавгай агнах квотыг өгсөн. 

Цаашдаа хууль эрх зүйн орчныг харж үзэн тодорхой тооны баавгайг тусгай зориулалтаар агнах асуудал ярихыг үгүйсгэхгүй” гэлээ.

Мөн агаар салхинд гарах, хадлан хадах, ургацаа хураах, самар түүх, ан гөрөө хийхээр явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe