483 тэрбум төгрөгөөр нүүрс-пиролизын үйлдвэр барина

З.Амирлан
2026-09-23

Өнөөдрийн /2026.09.23/ Засгийн Газрын хуралдаанаар нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулах асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: “Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах, үйл ажиллагааг эрхлэх "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК-ийг нийслэлийн өмчит хуулийн этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 67 хувийг эзэмших нөхцөлөөр байгуулахыг "Чингис хаан баялгийн сан нэгдэл" XXK-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. 

Үлдэх 33 хувийн хувьцаа эзэмшигчийг тогтоох асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэнэ.

Энэ төсөл нийт 140 гаруй сая ам.долларын буюу 483 тэрбумын өртөгтэй. Үндсэн зорилго нь Улаанбаатар хотын өвлийн ачааллын үед утааг бууруулах юм. Хэрэв бид энэ намартаа багтаан үйлдвэрийн гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулж чадвал 2028 оны эхний хагас жилд багтаан үйлдвэрээ ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд нийлүүлэх боломжтой болно. Одоогийн байдлаар есөн компани саналаа ирүүлээд байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 900 гаруй шинэ ажлын байр бий болох бөгөөд өвлийн ачааллын үед 600 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай” гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe