Өнөөдөр иргэн Б.Сайнбаяр чуулгандаа суухгүй байгаа гишүүдийн талаар нотлох баримтыг Үндсэн хуулийн цэцэд өгч, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргалаа. Тэрээр гишүүд чуулгандаа суухгүй байна гэдэг тангарагаасаа няцаж байгаа хэлбэр, тангаргаасаа няцсан гишүүдийг эргүүлэн татах ёстой хэмээн мэдээллээ.
Иргэн Б.Сайнбаяр:
"Би Монгол Улсын иргэн Сайнбаяр гэж хүн байна. Чуулганыг харахаар гишүүд Үндсэн хуулийн 23.1-ээр тангараг өргөхдөө ард түмний элч болчихдог. Ард түмний элч болчихсон байж хуралдаа суухгүй байна.
Ямар үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд хандаж байна вэ гэхээр УИХ-ын гишүүн нь өвчтэй хүн асрах, өвчтэй, чөлөөтэй, томилолттой гэсэн дөрвөн үед хуралд суухгүй гэж байдаг. Тэгтэл УИХ-ын гишүүд ээж аавдаа гомдож байгаа хүүхэд шиг тэрнээс уучлалт гуйвал бид нар суух гээд байна гэж байна. Бүр би суухгүй гэдэг дур зоргын шинжтэй байна.
Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл гишүүнийг татах үндэслэл болдог. Тэгэхээр энэ асуудлыг нотлох баримттай нь Үндсэн хуулийн цэцэд өгөөд дүгнэлт гаргуулахаар хандаж байгаа тухайгаа мэдээллээ.
Ард түмнээс сонгогдож мандат авсан гишүүд хуралдаа заавал суух ёстой, үүрэгтэй. Тэгтэл өөрсдийн бүрэн эрхээ л яриад байдаг. Эрхээ ярьж байгаа бол үүргээ биелүүл л дээ.
Жишээ нь хилийн цэргүүд өнөөдөр би ядраад байна гээд унтаад, хил зөрчигч ороод ирвэл тэр хүн хариуцлага хүлээнэ биз дээ. Үүнтэй яг утга нэг зүйл. Хууль ард түмэндээ тэгш үйлчилж, цэц энэ маргааныг хүлээн авч шийдэж өгөөсэй хэмээн хүсэж байна. Аль нам нь хамаагүй улсынхаа төлөө ажлаа хий. УИХ-ын чуулгандаа шалтгаангүй суухгүй байгаа бүх гишүүдийг хамруулаад Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаа хэмээн мэдээлэл хийлээ.
Сэтгэгдэл үлдээх