Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-ийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Мөн хүүхдийн мэс заслын салбарын цаашдын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар туршлага солилцож байгаа юм.
1921 он гэхэд Монгол улсын хүн амын тоо 650.000, төрсөн эхийн эндэгдэл 13%, хүүхдийн нас баралт нэн өндөр, ой хүртэлх 1000 хүүхдийн 500 нь энддэг байв.
Өдгөө хүн амын тоо 3.591.000-д хүрч, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 11 болтлоо буурчээ.
ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Эрдэнэцогт "Хүүхдийн эрүү, нүүрний мэс заслын тасаг нь уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгийн мэсийн болон мэсийн бус бүх төрлийн эмчилгээг голчлон хийж байна. Энэ эмгэгийн талаар 1980 оноос хойш хийгдсэн үндэсний хэмжээний 4 судалгаа байдаг бөгөөд тэдгээрийн үр дүнгээс харахад сүүлийн жилүүдэд уруул тагнайн эмгэг нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал 1980 онд 1500 амьд төрөлтөд 1 тохиолддог байсан бол 2022 оны судалгаагаар 650 амьд төрөлтөд 1 тохиолддог болж нэмэгдсэн.
Энэ эмгэгийг олон шалтгаант төрөлхийн гажиг гэж үздэг. Эмгэг үүсгэх маш олон зүйл байдаг гэж үздэг ч яг шинжлэх ухаанаар тогтоогоогүй байна. Гагцхүү урьдчилан сэргийлэхийн тулд дэлхий нийтийн чиг хандлагаар фолийн хүчил уух, архи тамхины хэрэглээг хязгаарлах, ялангуяа жирэмсэн үед архи тамхийг бүр хориглохыг зөвлөдөг. Манай тасгийн хувьд жилд 2000 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бөгөөд гуравны нэг нь төлөвлөгөөт мэс засал байдаг. Үүнээс уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй холбоотой 350 гаруй мэс засал хийгдэж байна"
ЭХЭМҮТ-ийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр "Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ гэх мэтчилэн дэлхийн томоохон улсад ургийн мэс засал хийж байна. Энэ нь төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдийг эхийн хэвлийд байхад оношлоод эмчлэх мэс засал юм. Энэ нь манайд огт хөгжөөгүй ургийн мэс засал юм. Тиймээс японы эрдэмтэд энэ талаар бидэнд лекц семинар тавьж байна.
Бид эндэгдлийг бууруулах, орон нутагт мэс заслын эмчилгээг хөгжүүлэх, гадаадын эмчилгээний урсгалыг бууруулах, шинэ технологийг хөгжүүлэх гэсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Орон нутагт яаралтай болон зонхилон тохиолдох эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ, хүүхдийн мэс заслын тусламжуудаа бүрэн гүйцэт авдаг болох хэрэгтэй. Хэдий орон нутагт бүх төрлийн мэс заслуудыг хийдэг ч зарим хавсарсан, ноцтой хүнд эмгэгүүдийг ЭХЭМҮТ эмнэлэг рүү зөөвөрлөн шилжүүлж байна.
Хүүхдийн мэс заслын тасаг нь салбар доторх ажиллагааг эрхэмлэдэг тул УНТЭ, УХТЭ, УГТЭ болон улсын бусад эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг. Үүний зэрэгцээ Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв буюу яармагийн 300 ортой эмнэлэгт хүүхдийн мэс заслын тасаг, хүүхдийн чих хамар хоолойн тасаг, хүүхдийн мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасаг, нярайн тасаг нээгдсэн. Мөн СХД-ийн эмнэлэгт манай хүүхдийн мэс заслын тасаг байгуулагдаж, хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна"
ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийснээс 8,089 буюу 68.5 хувь нь Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгуудад хийгдсэн байна. Үүний 34.7 хувь нь яаралтай хагалгаа байжээ.
Энэ удаагийн форумд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэв. Өнөөдрийн форумд 30 аман илтгэл, ховор тохиолдлын 9 илтгэл болон ханын итгэлүүдээр оролцож байна. Мөн 6 орны 18 эрдэмтэн, мэргэжилтнүүд ирсэн.
Энэхүү илтгэлүүдээр голцуу эрхтэн шилжүүлэх мэс засал, ургийн мэс засал, дурангийн буюу робот мэс засал, нөхөн сэргээх буюу төрөлхийн эмгэгүүдийг сэргээн засах эмчилгээнүүдийн талаар хэлэлцлээ.
Сэтгэгдэл үлдээх