“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Ц.Чимэдцэеэ
2024-04-18

“Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.30-аас эхэлнэ.

Урьдчилсан хэлэлцүүлгээр оролцогч нарын санал хүсэлтийг сонсож, гэм буруугийн шүүх хурал товлох боломжтой эсэхийг шийдвэрлэх юм.

Тус шүүхээс хэргийг 2023 оны зургадугаар сард нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байсан юм. Прокуророос тус шийдвэрийн эсэргүүцэж, Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу арваннэгдүгээр сард анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 2024 оны хоёрдугаар сард Улсын дээд хандсан ч эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын шатны шүүхэд хэлэлцүүлэхээс татгалзсан байдаг.

“Бэлтэс мөрөн” ХХК нь Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалаар өндөр хүү амлан 13 мянга гаруй иргэнээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан. Ингэхдээ 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe