Юбикаб Холдинг компани олон улсын IDCX стандартыг хангаж, батламжаа гардан авлаа

З.Амирлан
2026-09-25

Өнөөдөр Их Британийн Элчин сайдын яаманд Юбикаб Холдинг ХХК-ийн Олон улсын дижитал хэрэглэгчийн туршлагын стандарт (IDCXS)-ын батламж гардуулах ёслол боллоо. Тус ёслолд Элчин сайдын яамны Дэд тэргүүн Софи Уорралл болон Их Британийн Бизнес, худалдааны албаны дарга С. Онон нар Юбикаб Холдинг-ийн удирдлагуудыг хүлээн авч, олон улсын түвшинд хүрсэн амжилтад нь баяр хүргэлээ.

Юбикаб Холдинг компанийн Гүйцэтгэх захирал О.Золбаяр “Манай компани 13 жилийн өмнө, яг энэ өдөр үүсгэн байгуулагдаж байсан. Энэхүү тэмдэглэлт өдөр дээр нэмээд бид Англиас гаралтай, хэрэглэгчийн дижитал туршлага болон дижитал хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн олон улсын стандартын батламжийг албан ёсоор гардан авлаа.

Энэхүү стандарт нь технологийн компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд илүү ээлтэй, хүртээмжтэй, чанарын өндөр түвшинд хүргэхэд чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй стандарт юм. Бидний хувьд энэхүү стандартыг гардан авч байгаа нь үйл ажиллагаагаа улам сайжруулж, хэрэглэгчдэд хүргэж байгаа үйлчилгээгээ олон улсын түвшинд нийцүүлэхийн төлөө хийж байгаа ажлын маань чухал алхам болж байна”

Олон улсын ICXI институтийн Азийн бүс нутгийн түнш CMI-ийн Гүйцэтгэх Захирал Г.Содцэцэг “Юбикаб Холдинг компани Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яам болон Их Британийн худалдаа, бизнесийн байгууллагаас олон улсын дижитал стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлсэн батламжаа гардан авлаа.

Төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт зургаан сарын хугацаанд Юбикаб компани олон улсын түвшинд хүрэхийн тулд дотоод үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ чанарт чиглэсэн хөгжүүлэлт, сайжруулалтуудыг үе шаттай хийсэн. Энэ стандарт нь дэлхийн 72 оронд нэвтэрч, олон улсын түвшинд хэрэгжиж, баталгаажсан стандарт юм. Стандартыг хэрэгжүүлэхдээ Юбикаб компанийн үйл ажиллагааг долоон бүлгийн нийт 356 шалгуур үзүүлэлтээр үнэлж, аудит хийсэн. Ингээд нийт шалгуурын 92.5 хувийг хангаж, өндөр үнэлгээ авч, энэхүү стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, олон улсын төгөлдөржих түвшинд хүргэж чадсанд нь баяртай байна”

Юбикаб Холдинг компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Наранмөнх “Юбикаб өнөөдрийн байдлаар нийт 1.8 сая хэрэглэгчтэй, 130 орчим жолоочтой бөгөөд үйл ажиллагаагаа Монгол улсын 21 аймагт явуулж байна. Хэрэглэгчид Юбикабыг ихэвчлэн такси үйлчилгээ гэж ойлгодог. Гэхдээ бид зөвхөн такси үйлчилгээ үзүүлдэг компани биш, технологийн тусламжтайгаар хэрэглэгч болон жолоочийг холбож өгдөг технологийн салбарын компани юм.

Олон улсын IDCXS буюу дижитал хэрэглэгчийн стандартыг нэвтрүүлснээр хэрэглэгчийн дижитал туршлага, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг улам сайжруулах боломж бүрдэж байна. Мөн стандартыг хангах явцад бидний хараагүй өнгөрүүлсэн өнцгүүдийг анзаарч, шинэчлэл хийсэн. Жишээлбэл, жолоочийг бүртгэхдээ эрүүгийн 13 төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг бүртгэхгүй байх зэрэг үйлчилгээ, стандарт, аюулгүй байдлыг хангах шинэчлэлүүд хийсэн” гэлээ.

Бичлэг үзэх бол энд дарна уу.

Ийнхүү Юбикаб Холдинг нь олон улсын IDCXS стандартыг нэвтрүүлсэн нь хэрэглэгчийн туршлагыг системтэй удирдах чадавхаа бэхжүүлж, Монголын тээвэр, хүргэлтийн үйлчилгээний чанарыг олон улсын жишигт хөгжүүлэх зорилгынх нь чухал алхам боллоо. 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe