80 настай Л.Сүхбат 21 км зайг амжилттай дуусгалаа

.Graph
2026-09-26

Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдсан “Шөнийн марафон”-д 9 мянга гаруй хүн оролцлоо.

Тэдний дундаас 80 настай Л.Сүхбат 21 км зайг амжилттай дуусгаж, олон залууст сайхан үлгэр дуурайлал үзүүлэв. Тэрээр өмнө нь Улаанбаатар марафон, Тал нутгийн марафон зэрэг олон улсын шинж чанартай марафонд гүйж байсан.

Ингэхдээ ихэвчлэн 5-10 км зайд гүйдэг байсан бол энэ удаад 21 км зайд анх удаа гүйсэн байна. Түүнтэй бид цөөн хором ярилцлаа.

----------------------------------------------------------------------------------------------

-Бариандаа амжилттай орсон танд баяр хүргэе. Таны хувьд сүүлийн зургаан жил марафонд гүйж байгаа юм байна. Энэ удаагийн марафоны онцлог юу байв?

-Баярлалаа. Шөнийн марафонд оролцож, 21 км зайг 2 цаг 25 минутад тууллаа. Өмнө нь 5-10 км зайд гүйж, дунджаар цаг өнгөрүү гүйдэг байсан юм. Энэ удаад 21 км зайд анх удаа гүйж, төсөөлж байснаасаа сайн гүйлээ. Шөнө гүйх нь өдөр гүйхээсээ сэрүүхэн сайхан байдаг юм байна.

-Та бэлтгэл хэр хийсэн бэ?

-Миний хувьд анх удаа марафонд гүйж байхад хөл өвдөх гээд байдаг байсан. Одоо бол зүгээр болсон. Өнгөрсөн зун Япон улсад хүүгийндээ очихдоо зориулалтын талбайд нь бэлтгэл хийж үзээд, 21 км зайд гүйж болох юм байна гэдэг барагцаа авсан. Тэгээд энэхүү марафонд орохынхоо өмнө долоо хоногт 2-3 удаа гүйж, бэлтгэл хийж байсан.

-Таны насныхан хамт гүйсэн үү?

-Цөөн хэд харагдаж байсан шүү.

-Та залуустаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Залуус минь сайн гүйж байх хэрэгтэй шүү. Дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй. Залуустайгаа хамт гүйхэд намайг хараад ядрахгүй болчихлоо гэж хэллээ. Би хариуд нь зогсолтгүй гүйж байгаарай л гэж хэллээ.

-Та гүйхийн ач тусыг юу гэж бодож байна вэ?

-Гүйгээд л байвал эрүүл байна. Эрүүл байхын үндэс юм. Тэр ийнхүү ярьсан юм. Л.Сүхбат гуай барилгын инженер мэргэжилтэй бөгөөд Монгол Улсын Зөвлөх инженер. Түүний нэрийн хуудас бол барилгын төсөл бол Япон Улсын Элчин сайдын яамны барилга юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe