Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв бензиний оочир, дараалал дахин үүссэнтэй холбоотойгоор мэдээлэл хийв. Уг нөхцөл байдал ОХУ-аас ачилт багассантай зэрэгцэн манай улс нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаагаас үүдэн үүссэн гэв.
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 95 шатахуун түгээх станцад 1135 тонн, орон нутгийн 42 шатахуун түгээх станцад 556 тон АИ-92 шатахуун нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээн нийт 7195 тонн энэ төрлийн авто бензин хүргэгдээд байна. Мөн урд хөршөөс 8000 тонн дээрх төрлийн бензин худалдан авсан бөгөөд өчигдөр буюу ням гарагаас шатахуун түгээх станцууд руу түгээж байна. Мөн БНСУ-аас 12,000 тонн шатахуун худалдахаар бэлэн болсон бөгөөд эхний ээлжид 8000 тонн ирж яваа. Шатахууны дараалал ихээр үүсэж байгаа нь ОХУ-аас ачигдах хэмжээ багассантай холбоотой. Хэрэв улсын нөөц 20 хоногт хүрвэл аж ахуйн нэгжүүд тэгш хүртээмжтэй үйл ажиллагаа эрхлэх боломжтой болж, дараалалгүй болдог. Гэвч одоогоор бидэнд 11 хоногийн нөөц байна. Мөн аж ахуйн нэгжүүдийн түгээлт жигд бус байгаагаас шалтгаалан дараалал үүсээд байна. Бид ОХУ-аас АИ92 шатахуун үргэлжлүүлэн авна. Үүний зэрэгцээ БНСУ, БНХАУ-аас авах хэмжээгээ нэмж байна. Хүйтрэхээс өмнө нөөц нэмэгдүүлэх шаардлага бий. Цаг үеийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэд хэрэглээгээ танаж, аль аль талдаа улсын нөөцөө бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх