1921 дэх өдөр

Б.Энхтулга
2026-09-28

2021 оны 6-р сарын 25-нд У.Хүрэлсүх тангаргаа өргөснөөр зургаан жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болсон. Түүнээс хойш яг өнөөдрийг хүртэл 1921 өдөр төрийн тэргүүний статустай ажиллажээ. Тэрбум мод, Хүнсний хувьсгал, Цагаан алт, Эрүүл монгол хүн зэрэг олон хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг санаачилснаас амжилттай болсон нь ч байна амжилт олоогүй нь ч байна. Хуулийн хугацаа нь дуусахад хагас жил гаруй хугацаа үлдсэн учраас үр дүнг одоо ярих эрт байх. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь савнаасаа хальж НҮБ-ын цөлжилттэй тэмцэх бага хурлыг эх орондоо зохион байгуулах эрхийг авах хүртлээ олон улсад тархсан. Нөлөөгөөр нь олж ирсэн Коп-17 хурал дотоодод олон шүүмж дагуулсан ч бид дэлхийд тийм хэмжээний хурлыг зохион байгуулж чадах түвшний улс гэдгээ харуулсан сайн талтай. Түүнийг мөн Ерөнхийлөгч байх хугацаанд уруудсан зүйл ч бас бий. Жишээ нь хэд хэдэн сэтгүүлч болон үзэл, бодлоо илэрхийлсэн хүмүүс шоронд хоригдсон, шүүхийн хараат бус байдалд шууд бусаар нөлөөлдөг гэх хардлага, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага, ерөнхийлөгчийн гээд бүх институт нэг намын эрхэнд орсон нь дарангуйлал руу чирсэн мэт.  

Болж байгаа зүйлээс нь харин гадаад бодлого байв. Өнгөрсөн хугацаанд өнгөц хараад л нээрээ сайжирч байна шүү гэж боддог байснаас биш яг гүнд нь хүртэл судалж үзээгүй явж. Энэ жилийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлыг сурвалжилж байх үедээ л олон улсад бид арай өөр түвшинд хүрсэн юм байна гэдгийг нүдээр харж байж ойлгов. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь бусад улс орны тэргүүнийг гуйж уулздаг байсан бол оновчтой гадаад бодлогынхоо ачаар өөрсдөө хүсэлт тавьж манай улсын Ерөнхийлөгчтэй уулздаг болж. Угаас олон тулгуурт, бие даасан гадаад бодлоготой байсан ч У.Хүрэлсүхийн үед ажиглаж суудаг биш тайзан дээр гарч ярьдаг, оролцдог болж дэвшжээ. Мөн бид зөвхөн ОХУ, БНХАУ гэсэн хоёр хүнийг л таньж аль алийнх нь аашийг хөдөлгөчихгүй ая талыг нь хардаг байсан бол танилын хүрээгээ тэлж гуравдаг ч этгээдтэй (БНСУ, Япон, Франц) харилцдаг болсноор юмсыг харах өнцөг өөр болж харьцах орон зай ч томорч. Үүнийгээ дагаад шат ахих шинэ боломжууд гарч иржээ. Төв ази руу ч харилцаагаа тэлж төв азийн бүх улсад айлчлал хийн эдийн засаг, худалдаагаа сайжруулах хэлэлцээр хийсэн анхны Ерөнхийлөгч болсныг нь одоо л мэдэж байх жишээтэй. Олон улс хэт судалдаггүй болоод ч тэр үү энэ бүхнийг анзааралгүй эсвэл ач холбогдол өгөлгүй орхисон байж. Гэтэл энэ бүх айлчлал, арга хэмжээ, хэлэлцээрүүд Монгол Улс дэлхийн тайзнаа хэн байх вэ гэдгийг илэрхийлдэг байж. Үүнийг нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн индэр нотолж өгдөг юм байна. 

НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн оронд өрсөлдөхөө зарлав... 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээрээс Монгол Улс 2048 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн оронд нэрээ дэвшүүлэхээ зарлахын хажуугаар дайныг энхийн замаар шийдэхийг уриалсан. Дэлхийн энх тайвныг эрт цаг үед хүчирхэг байх үедээ Монгол Улс эхлүүлж байсан гэдгийг ч хэлэв. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн оронд өрсөлдөхөө Монгол Улс өмнө нь 2007 болон 2011 онуудад зарлаж байсан. 2009 онд сонгогдох өндөр магадлалтай байсан ч Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед улс төрийн шийдвэр гарган нэрээ татсанаар Япон улс анх удаа сонгогдож байсан билээ. Үүний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч 2023-2024 оны сонгуульд өрсөлдөхөө зарлан компанит ажлаа эхлүүлсэн ч нөгөө Япон улстайгаа өрсөлдөж гуравхан санал авснаар мултарч байсан юм. У.Хүрэлсүх 20 жилийн дараах сонгуульд өрсөлдөхөө зарласнаар ингээд гурав дахь нь болж байна. 

НҮБ-ын аюулгүй зөвлөл 15 гишүүн орноос бүрддэг. Үүний тав нь байнгын гишүүд буюу дэлхийн хоёрдугаар дайнд ялсан БНХАУ, ОХУ, Франц, Их Британи, АНУ зэрэг улсууд байдаг юм. Харин байнгын бус 10 гишүүн орон тус тусын таван бүсээс хоёр жилийн хугацаатай сонгогддог. Одоогоор Бахрейн, Колумб, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Дани, Грек, Либери, Латви, Пакистан, Панам, Сомали зэрэг улс тус зөвлөлд багтаж байгаа. Манай улс 2048 онд ази, номхон далайн бүсээс сонгогдох боломжтой юм. НҮБ-ын аюулгүйн зөвлөл гэдэг бол НҮБ-ын бусад байгууллагуудаас ялгарах хэд хэдэн онцгой эрх, давуу талтай. Ерөнхий ассамблейн тогтоолууд зөвлөмж шинжтэй байдаг бол Аюулгүйн зөвлөлийн шийдвэр нь гишүүн бүх орон заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Мөн дэлхийн аль нэг цэгт дайн, аюул заналхийлэл үүсэх юм бол 24 цагийн дотор хуралдаж шийдвэр гаргахаас гадна энх тайван сахиулах зорилгоор зэвсэгт хүчин илгээх, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, дипломат харилцааг хязгаарлаж хүч хэрэглэх ч эрхтэй цорын ганц байгууллага. Тийм учраас аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн хоёр орны дунд оршдог манай улсын хувьд НҮБ дэх байр сууриа ахиулж байх нь зүйтэй юм. 

Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид гадаад бодлого дээрээ анхаарал хандуулдаг байсан ч ерөөс эрчимжиж өгдөггүй байсан. Муу хэлүүлдэг ч Ц.Элбэгдоржийн үеэс гадаад бодлого шинэчлэгдэж гуравдагч хөршийн үйл ажиллагааг эрчимжүүлж байлаа. Зөв төлөвлөгөөтэй хийх юм бол үр дүнд хүрч болдог гэдгийн жишээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн гадаад бодлого болж байх шиг. Гялтайж үлдэх ганц зүйлтэй үүрэгт ажлаа өгнө гэдэг бол ямар ч улс төрчийн хүсдэг зүйл. Даан ч манай улс төрчид эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ хэтэрхий улайран өөрсдийн цаг хугацаанд хийх ажлаа оюун санаанаасаа алдчихаад байдаг муу талтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэрэгжүүлж байгаа гадаад бодлого бараг түүний “legacy” нь (хүний үлдээсэн түүх, амжилт, нөлөө) болж үлдэх биз. Үүнтэй маргаад байх хүн ч нэг их гарахгүй байх. 270 өдрийн дараа тангаргаа өргөх дараагийн Ерөнхийлөгчдөө дэлхийд дэндүү том тайз засаж өгөөд буух нь дээ. 





 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe