Намрын сэрүү яалт ч үгүй оржээ. Өнөөдрөөс хойш намрын налгар өдрүүд намрын дунд сарын жиндүүхэн өдрүүдээр ээлжээ сольж байна. Харин төрийн ордон дотор улс төр халуухан хэвээр л. Эрх баригч МАН хоорондоо нэг л учраа олдоггүй ээ. Аль аль тал нь гар барихад ойрхон байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг. Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарыг шалгаад эхлэхийг харахаар Н.Учрал нь наадуулаа хярга гээд байгаа ч юм шиг. Өөрсдийгөө 30-уулаа гэдэгт бат итгэчихсэн тал нь болохоор Боловсролын сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйлгачихвал бараг болчих гээд байгаа юм яриад байдаг. Гэсэн чинь мань Л.Энх-Амгалан сайд уучлалт гуйхгүй гээд гүрийчихсэн байдалтай. Шартай юм аа нөгөөдүүл нь. Тэгвэл чамайг огцруулах улс төр хийнэ гээд гэдийчихсэн. Намар болчхоод байхад л хаврын салхи шиг улс төр нь хааш яаш хэвээр. Уг нь “уучлаарай” гээд есөн үсэг л амнаасаа гаргачихвал А.Ариунзаяа гишүүнээс эхлээд тэдгээр хүмүүсийн дотор нь онгойгоод төрийн ажлаа хийх гээд байгаа юм билээ. Даан ч сайд дэндүү өөртөө итгэлтэй бас үгэндээ ч харамч юм. Ихдээд байгаа бол “sorry” гээд гадаадаар тавхан үсэг хэлж болох сонголт бас бий. Бүр ихдээд байвал “sry” гээд зэт үеийнхэн шиг товчлоод хэлчихдэг ч юм уу тээ. За тэгээд болдоггүй л юм байлгүй дээ.
Өрнөл эсвэл жүжиг...
Жил бүр төсөв орж ирэх үед чуулганы танхимд хэрүүлээс эхлээд хэлэлцэж, хуйвалдах асуудал энүүхэнд л байдаг. Бид байх ёстой юм шиг л хүлээж авдаг болж. Хамгийн тайван байсан дөрвөн жил нь бараг Л.Оюун-Эрдэнэ Засаг тэргүүлсэн таван жилд байх. Аманд нь нэг нэг бүлх залгиулчихдаг байсан шиг байгаа юм. Харин огцордог жил нь айхтар улс төр гараагүй юу. 34 их наядын зарлагатай төсвийг нь Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу нараас эхлээд эсэргүүцэж эцэст нь танах юм болоод. Тэгсэн Ерөнхийлөгч хүртэл орж ирээд хориг тавьж бариад зохиол нь илт кино л байсан л даа. Чааваас тэгээд хавар нь огцорч одоог болтол амьд үлдэхийн төлөө тэмцсээр яваа нь өнөөдрийн өрнөх улс төр юм. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хэрүүл, тэмцэл болдог хоёр л шалтгаан байдаг. Нэг бол Засгийн газрыг огцруулах улс төр явах эсвэл хуваарилалтдаа сэтгэл ханамжгүй байгаа учраас тэмцэлдэх хэсэг. Тэгсэн энэ удаагийн үймээн нөгөө монголын олон тулгуурт бодлого гэдэг шиг гурван тулгуурт тэмцэл өрнөөд байгаа юм шиг анзаарагдав. Нэг талаас хүсээд байгаа зүйлээ аль өнгөрсөн хавраас хойш авч чадахгүй байгаа Ардчилсан намынхан. Нөгөө талаас шог хуваарилалтдаа гомдсон намын хэдэн нөхөд нь. Бүр нөгөө тал нь их сонин. Засгийн газар өөрсдөө үймэн тариад байх шиг. Л.Энх-Амгалан албаар хэрүүл гаргаж ирээд 30-ийн тал руу гаа дайран улс төрд бужигнаан үүсгэж цаг авах. Цаг авах шалтгаан нь оруулж ирсэн төсвөө хэвээр нь батлуулах. Бужигнуулж байгаад цагийг нь тулган яаруу сандруу хэлэлцүүлж аваад батлуулаад гарах гэсэн оролдлого байж магадгүй. Тэгэхлээр үнэхээр өрнөөд байна уу засаг жүжиг тавиад байна уу гэдгийг бас бодох л хэрэгтэй.
Явах ёстой хүн нь Н.Учрал биш Л.Энх-Амгалан…
Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нүүрэн дээрээ Ерөнхий сайдыг дэмжиж байгаа мэт байгаа ч алсуураа түүний эсрэг улс төр хийж байгаа. Олон ч үйлдлээр нь харагдана. Тэдний эхний зорилго Засгийн газрыг ганхуулах байсан. Бүр огцруулах биш. Тохироо нэг л худлаа болох тийшээ хандаж ирэх үед Засгийн газрыг унагах хүртэл явах байх. Гэхдээ хэрвээ хэн нэгэн явах ёстой бол тэр нь Н.Учрал биш Л.Энх-Амгалан байж магадгүй юм. Эхнээсээ л Н.Учрал руу чиглэж байсан улс төр явцдаа чигээ өөрчилж Л.Энх-Амгалан руу оччихсон. Оччихсон ч юу байх вэ. Байлдаантай кинон дээр гардаг шиг өөр хүн рүү чиглэж байсан сумынх нь урдуур Л.Энх-Амгалан үсрээд оногдчихсон. Тэмцлийн гол дүр нь тэр болж хувирсан гэсэн үг. Нөгөө 30-ийн бүлгээс ч гэсэн хохироох ёстой хүн нь Л.Энх-Амгалан болж хувирсан. Түүнийг уучлалт гуйж чадахгүй бол огцруулах асуудлыг Ерөнхий сайдад тавина гэж мэдэгдээд байгаа. Мань хүнд бол огцорсон ч яах вэ дээ тийм ээ. Ерөнхий сайдыгаа үхлээс эргэн авч ирж байвал гавьяа л болно шүү дээ. 30 болон 38 гэж өөрсдийгөө нэрлээд байгаа нэг намын эрх, ашиг нь гинжин хэлхээс болсон энэ нөхөд ямар нэгэн байдлаар ялаа наймаалах нь уу, сайд аа наймаалах нь уу ямар ч байсан эвлэрнэ. Харин тэр цагт хожоотой хохирогч болох хүн нь Л.Энх-Амгалан болж таарах юм. Тэр үед харин авахаа аваад, хүртэхээ хүртэх нь тодорхой биз.
Sorry…
Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан, Тагнуулын Ерөнхий газраас Л.Оюун-Эрдэнийг шалгах тухай мэдээлэл, Б.Баатарт хориг тавьсан зэргийг харахаар танил технологи харагдаад байгаа биз. Хэрвээ энэ мэдээлэл үнэ бол шүү дээ. Н.Учрал “sorry” ах нараа тохироо гэж байхгүй ээ гэсэн юм яриад байдгийнх нь баруун хаяа руу явуулах гээд байна уу. Эсвэл амыг нь таглах сөрсөн базаа хийгээд байна уу. Үүнийг нь мэдсэн юм шиг мань Х.Нямбаатар хуулийн байгууллагаар шалгагдахаа мэдээд Канад руу оргон зайлчихсан ч юм шиг. Өөрөө бол уг нь сурах гээд ирчихсэн л гээд байгаа. Яг сураад байгаа гэдгийг нь нотолсон ямар нэгэн бичиг бид хараагүй. Л.Оюун-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн юм болохоор бүрэн эрхэд нь тэгж амархан халдаж чадахгүй. Харин мань Х.Нямбаатар чинь хотын даргын ажлаа өгсөн өдрөөсөө л хүнтэй наймаанд орох ямар ч албан тушаалгүй болж гудамд гарсан хүн шүү дээ. Дээрээс нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар Хууль зүй, дотоод хэргийн сайдаа Н.Учралдаа алдчихсан. С.Амарсайхан байх үедээ тэдний бүлгээс шалгагдаж байсан хэдийнх нь хэргийг хэсэг тогтоож байсан гэх. Эвгүй шүү. 461-р ангид сул өрөө гарахыг хүлээж байгаа ч юм билүү.
О.Цогтгэрэл Ерөнхийлөгч зүүдэлсээр...
МАН-ын гомдсон 30-ийн бүлгээс гадна Ардчилсан намын хэсэг нөхөд ажлаа хийхгүй чуулганы танхим тойрч гүйгээд байгаа. Энд тэндхийн буланд зарим нэг нь телевиз, сайтад яриа өгч яваа харагддаг. Намын дарга нь харин Ерөнхийлөгч болох зүүднээсээ сэрж чадахгүй гүрийсээр байх шиг. Хавраас хойш, хавар ч арай биш юм уу. За ямартай ч О.Цогтгэрэл намын дарга болсноос хойш сүүлийн нэг жил бүхий л засгийн газрыг ээрч байна. Одоогийн Ерөнхийлөгч рүү шууд улс төр хийж чадахгүй учраас хөл, гарыг нь зулгаагаад суугаа нь энэ юм. Гол шалтгаан нь ерөөсөө Ардчилсан нам 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдөө толгой мэдээд оролцох л байх. Хэрвээ тэгэх юм бол өөрт нь Ерөнхийлөгчид нэр дэвших боломж гарч ирнэ. МАН олны хүлээлтээс доогуур байгаа учраас хэрвээ дэвшчих юм бол гарчихна л гэсэн бодолтой байгаа биз. Намаас нь Д.Ганбат, Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар нам дотроо сунгаанд оролцохоо илэрхийлчхээд төвөг удаад байгаа болохоос биш. Мань хүний цээжинд багтаад л байгаа харагддаг. Даан ч МАН гараа авахгүй бол Ардчилсан намаас хэн ч дэвшсэн хэцүү болно. Тийм учраас Н.Учралыг ээрч хоргоогоод хормойноос нь зүүгдчихээд суугаад байгаа биз.
Н.Учралын толгойг Ардчилсан намын О.Цогтгэрэл, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үнэндээ л гашилгаж байна. Танхимынх нь сайд ганц үг хэлчихвэл ядаж нам доторх хэдээ хэсэг чимээгүй байлгах гээд байдаг. “Sorry” гэх ганцхан үг монголын улс төрийг эргүүлэх хүчтэй гэж хэн мэдэх билээ дээ.
Сэтгэгдэл үлдээх