Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын Бага хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өчигдрөөс эхлэн 10 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулж байна.
Энэ онд КАРЕК хөтөлбөрийг Монгол Улс даргалж байгаа бөгөөд арга хэмжээний хүрээнд Сайд нарын бага хурал, Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум болон Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний уулзалтууд болж байна.
Бага хурлын нээлтийн үеэр Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ КАРЕК хөтөлбөрийн бүс нутаг дахь чухал ач холбогдлыг онцоллоо.
Яриандаа, "КАРЕК-ийн бүс нутаг нь 1.8 тэрбум хүн амтай, ойролцоогоор 20 их наяд ам.долларын эдийн засгийг бүрдүүлж байгаа нь дэлхийн нийт ДНБ-ий 16.3 хувийг эзэлж байна. Хөтөлбөрийн хүрээнд гишүүн орнуудад 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, тээврийн коридор, хил дамнасан холболт, эрчим хүч болон худалдааны хамтын ажиллагааны бат бөх суурь тавигджээ.Манай улс 2003 онд КАРЕК-т нэгдсэнээс хойш 1.5 орчим тэрбум ам.долларын 19 төсөл хэрэгжүүлж, авто зам, хилийн боомт, логистикийн дэд бүтцээ хөгжүүлсэн. Цаашид зөвхөн дамжин өнгөрөх тээвэр хийхээс гадна худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байгаа талаар дурдсан.
Мөн Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг эрдэс баялагтаа зөвхөн түүхий эдээр бус, боловсруулсан бүтээгдэхүүн болгон бүс нутгийн өртгийн сүлжээнд нийлүүлэхийг зорьж буй бөгөөд шаардлагатай хөрөнгө оруулалт, технологи, тээврийн хамтын ажиллагааг дэмжих"ийг түншүүддээ уриаллаа.
Түүнчлэн Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр бүс нутгийн гол түнш орнуудын төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтууд хийлээ.
1. Казахстан Улстай хийсэн уулзалт: Худалдааг 500 сая ам.долларт хүргэх бодит алхмууд
Ж.Энхбаяр сайд БНКАУ-ын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаевыг хүлээн авч уулзан, хоёр орны худалдаа, тээвэр логистик, хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцлаа.
Дэд сайд А.Дарбаев 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, 8 хувиар өссөнийг онцолж, Казахстан улсын хувьд Монгол Улс чухал түнш болохыг тэмдэглэв.
2026 оны 7 дугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдааны эргэлтийг дунд хугацаанд 500 сая ам.долларт хүргэх төрийн тэргүүн нарын зорилтыг биелүүлэхэд чухал түлхэц болохыг талууд санал нэгдэв.
Казахстан тал тээвэр-логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, нефть болон хөрөнгө оруулалтын салбарт бодит төсөл, бизнесийн хэлцлүүдийг өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
2. БНХАУ-тай хийсэн уулзалт: Боомтын нэвтрэх хүчин чадал, хил холболтыг сайжруулах
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын Сангийн дэд сайд Ляо Минийг хүлээн авч уулзаж, дэд бүтэц болон худалдааны саадшалыг арилгах талаар санал солилцлоо.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон худалдааны эргэлтийг 30 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хил холболтын дэд бүтцийг сайжруулах нь нэн шаардлагатай байгааг онцлов.
Сүүлийн жилүүдэд хилийн боомтуудаар нэвтрэх ачаа тээврийн хэмжээ буурч байгаатай холбогдуулан, ачаа тээврийн урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, боомтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чиглэлээр талууд харилцаагаа эрчимжүүлэхээр тохиролцов.
Сэтгэгдэл үлдээх