Бүс нутгийн аюулгүй байдал хурцдаж буй үед Япон Монгол Улстай харилцаагаа бэхжүүллээ

.Graph
2026-09-29

Ерөнхий сайд Н.Учралын Япон улс дахь төрийн айлчлал үргэлжилж байна. 

Монгол Улс нь БНХАУ болон ОХУ-ын дунд орших, далайд гарцгүй орон бөгөөд Япон Улсын хувьд “гуравдагч хөрш”-ийн нэг юм. Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Хятадын цэргийн нөлөө нэмэгдэн Орос, Украины дайн үргэлжилж, бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал хурцдаж байгаа энэ үед Япон улс Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа талаар Японы “The Mainichi” сонинд нийтэлжээ. 

  • Японы Гадаад хэргийн яам 2026 оны зургаадугаар сарын мэдээлэлдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал хүндрэхийн хэрээр улсын аюулгүй байдлын орчин хүндэрч байгааг тэмдэглэсэн байна. 

Түүнчлэн Монгол Улс Умард Солонгостой найрсаг харилцаатай байдаг. Харин Япон болон Умард Солонгосын хооронд олон арван жил үргэлжилж буй маргааны нэг нь Умард Солонгосын тагнуулын байгууллагууд 1970–1980-аад онд Японы иргэдийг барьцаалсан явдал юм.

Японы Засгийн газар нийт 17 иргэнийг Умард Солонгост барьцаалагдсан гэж тогтоосон бөгөөд 2002 онд тэдгээрээс тав нь эх орондоо буцаж ирсэн бол үлдсэн 12 иргэний нөхцөл байдал болон Умард Солонгосын өгсөн мэдээллийн талаарх хоёр талын байр суурь зөрсөөр байгаа юм. 

Тэгвэл Монгол Улс Умард Солонгостой тогтоосон харилцааныхаа хүрээнд 2007, 2012, 2014 онд уг асуудлаарх хоёр улсын хоорондын уулзалт, яриа хэлэлцээнд зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн талаар мөн тэмдэглэжээ. 

Тус айлчлалаар хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцох юм. 

Лхагва гарагт Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд Санаэ Такаичитай уулзаж, “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх зорилготой 158.3 орчим тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлыг орон нутгийн нислэг хүлээж авдаг болгох тухай хэлэлцсэн байна. “Чингис Хаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөснөөр жилдээ 4-5 сая үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой аж. 

Япон улс 2021 онд тус нисэх буудлыг ашиглалтад оруулахад 65 тэрбум 657 сая иений зээл олгосон бөгөөд үүнээс хойш зорчигчдын урсгал анхны таамаглаж байснаас давж байгаа тул хоёр улсын Засгийн газар нисэх онгоцны буудлыг өргөтгөх шаардлагатай гэж үзжээ. Иймээс энэхүү төсөл нь хоёр улсын хоорондын агаарын холболтыг сайжруулж, эдийн засаг болон иргэд хоорондын солилцоог дэмжих юм. 

  • Одоогоор барилгын ажил хэзээ эхлэх тов гараагүй ч манай тал уг хөтөлбөрт ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд бүтээн байгуулалтыг ирэх жил эхлүүлэхэд тохиромжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe