“Төрийн төлөө оготно боож үхнэ” гэж үг байдаг даа. Бид энэ үгийг хүний асуудалд хошуу дүрэх гэж оролдсон хүмүүсийг хошигнон хэлэхдээ төлөөлүүлэн ашигладаг. Үгийн үндсэн хэрэглээ нь төрийн үйл ажиллагаанд бухимдсан иргэдийг хэлдэг гэж ойлгож болно. Оготно хэмээн иргэдийг төлөөлүүлсэн болов уу гэж би боддог. Бурхан, чөтгөр болох гэж тэмцэлдсэн эрх баригч намынхан шууд утгаар нь ойлгон оготно яаж амьдрах огт хамаагүй юм шиг хоёр жил орчмын хугацаанд аашиллаа. Тэдний тэмцэлдсэн хоёр жилийн хугацаанд өргөн хэрэглээний барааны үнэ хоёроос гурав дахин нэмэгдэж, олон компани үүдээ барьж, улсын нөхцөл байдал тэр чигээрээ доройтов. Тэгсэн ч гэсэн тэдний би бурхан, чи чөтгөр гэдэг тэмцэл үргэлжилсээр. Хэн нь чөтгөр хэн нь бурхан байх нь бидэнд огт хамаагүй ч хамаатай юм шиг мэдрэмж төрдөг болтол дайсагналаа. Яг үнэндээ Л.Оюун-Эрдэнэ чөтгөр биш, Н.Учрал нь ч бурхан бас биш. Эрх мэдлийг төр авах ёстой гэсэн зүүн төвийн үзэлтэй намын дараагийн үе болон гарч ирсэн зүгээр л нэг улс төрчид. Тэр эрх мэдэл нь хэмжээлшгүй болсон намын удирдлагыг гартаа авах гэсэн л тэмцэл. Энэ тэмцлийн хохирогч нь эцсийн дүндээ иргэд та бид л болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Болж ч яваа. Тийм учраас бид аливаа өдөөн хатгалга, турхиралтад өөрсдийн гэсэн үзэл, бодлын дархлаатай байж төрийн үйл ажиллагаа авлига, хахуульгүй зөв явах ёстой гэдэг дээр л анхаарлаа хандуулдаг байх нь чухал. Нэгийг нь дэмжиж хулбирах биш өөрсдийн эрх, ашгийг л хангуулах ёстой гэсэн санаа. Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал хоёр өөр өөрсдийн цагтаа улсын гал тогоог удирдаж явсан, яваа улс төрчид. Аль алинд нь алдаа бий. Алдаатай ажилласан учраас Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мега үзэн ядагчтай болж огцорсон. Алдаатай ажиллаж байгаа учраас Н.Учралыг эсэргүүцэх хүмүүс бага багаар хүрээгээ тэлж байгаа. Нэг нь уначхаад эргүүлэн эрх мэдлээ олж авах гэсэн санаатай, нөгөөх нь өөрийн одоогийн байр сууриа хамгаалж үлдэх гэсэн л санаатай. Өнөөдрийн жагсаал ч гэсэн тэдний тэмцлийн нэг “сцена” болов уу.
Жагсаал болгоны ард...
Өнөөдрийн жагсаалыг төлбөртэй, төлбөргүй гээд л нийгмийн сүлжээнд талцаж гарав. Хардах эрх хэнд ч бий. Ер нь энэ улс төрийн тэмцэл эхэлснээс хойш юм болгон хоёр хуваагддаг болж. Сэтгүүлчид нь ч тэр, улс төрчид нь ч тэр. Л.Оюун-Эрдэнийн талд хэсэг хэвлэл нь ажиллаж байгаа гэх. Бүр тэднийг “Оюукын 10” ч гэж нэрлэдэг юм байх. Харин Н.Учралын талд бас ажилладаг хэвлэл бий гэнэ. Тэд нь хараахан нэршиж амжаагүй юм шиг байна. Тодорхой нэр алга. Иргэд нь ч тэр хоёр хуваагдчихсан Л.Оюун-Эрдэнэд алга ташдаг хэсэг байхад Н.Учралд алга ташдаг хэсэг байна. Тал талд л тэдний төлөө хоёр хуваагдаад үзээд байх юм. Уг нь хэвлэл нь ч хараат бусаар нийгэмдээ нөлөөлж улс төрчдөөс иргэдийн эрх, ашгийг нэхдэг, иргэд нь түүнийгээ дэмжээд нэг зүгт хардаг байх нь зөв голдирол юм шиг. Гэтэл бид хаа хаанаа хоёр хуваагдчихаад улс төрчдийн төлөө тэмцээд байдаг.
Жагсаал руу гаа эргээд оръё. Шатахууны хомсдолд бухимдсан иргэд өнөөдөр 10:00 цагт авто машинаасаа буун эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна. Шатахууны асуудал хүнд байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудал ганц манай улсад тулгараад байгаа юм биш. Дэлхийн 90 орчим оронд өрнөж байгаа дайн, тэмцэлтэй холбоотой бүхий л улсад тулгарч байгаа асуудал. Дэлхийд стратегийн нөөцөөрөө тэргүүлдэг урд хөрш Хятад хүртэл хязгаарлалт хийх дээрээ тулчхаад байгаа. Манай улс харин ч таг зогсолгүй хойд хөршөөс бага багаар шатахуунаа аваад дугаарлуулсан ч гэсэн олгож байгаа нь сайн хэрэг. Гол асуудал нь манай салбарын сайдууд үнэнээ хэлж нөхцөл байдлыг ойлгуулахгүй бид чадна гэж гүрийн арьсаа хамгаалаад байгаа нь л өнөөдрийн бухимдлыг төрүүлсээр байгаа. Гэхдээ өнөөдрийн жагсаал улс төрийн зорилготой байж болохоор. Хэвлэлүүдээр товлосон цаг цацуулж байгаад “Монгол Хаан” жүжгийн логотой малгай өмссөн залуус гарч ирэн дэмий л орилж, хашхичиж байгаа харагдах юм. Зорилгоо ч тодорхой илэрхийлж чадахгүй тэмцэлдэх. Чанга дуу гаргасан болгон үнэн биш юм л даа. Ер нь монголд өрнөж байгаа дийлэнх жагсаалын ард хэн нэгэн улс төрчийн эрх, ашиг л нуугдаж байдаг. Энэ удаагийн жагсаалыг Л.Оюун-Эрдэнийн зүгээс зохион байгуулсан гэж шууд хэлж болохгүй ч хардах хэд хэдэн өнцөг бий. Хэдэн сарын өмнө “Лхагвын тойм” гэх ярилцлагад орж байх үедээ Л.Оюун-Эрдэнэ үндэсний хэмжээний жагсаал хийх тухайгаа хэлж байв. Ахынх нь найруулсан жүжгийн малгайтай залуу жагсаалын гол дүр нь болов. Улс төрийн тэмцлийн нөхцөл байдалд Л.Оюун-Эрдэнийн тал ухрах тийшээ хандсан учраас барьцаа ахиулах үйлдэлдээ иргэдийн бухимдлыг ашиглаж байж ч мэдэх юм. Усаа сайн шүүж уугаад биеэ эрүүл байлгадаг шиг нийгмийн сүлжээгээр явж байгаа мэдээлэл болгонд шүүлтүүртэй хандаж тархиа эрүүл байлгах нь л бидэнд хамгийн чухал юм шүү. Жагсаал болгоны ард хэн нэг улс төрчийн эрх, ашиг байх магадлал өндөр байдаг даа.
Бурхан ба Чөтгөр...
Дээр цухас дурдаад өнгөрсөн. Л.Оюун-Эрдэнэ чөтгөр, Н.Учрал бурхан биш. Тэдэнд өөрсдийн эрх, ашиг л гэж бий. Магадгүй Л.Оюун-Эрдэнэ бурхан ч байж мэдэх. Эсрэгээрээ Н.Учрал чөтгөр ч юм билүү. Нэгэнтээ бидний нийгмээс тасарсан хүмүүсийг амаар яллаж суухын оронд ганц л зүйлийг тэднээс нэхэх хэрэгтэй. Иргэдийн эрх, ашиг. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээс холдсон ч гэсэн ард түмнийг төлөөлөх эрхтэй УИХ-ын гишүүн хэвээр байгаа. Тэр ч гэсэн иргэдийн эрх, ашгийг нэгдүгээрт тавьж ажлаа хийх ёстой. Харин одоогийн Засгийн газрын эрхийг гартаа авсан Н.Учралын дайсагнах ёстой зүйл нь үнийн өсөлт, шатахууны тогтвортой нийлүүлэлт, төрийн данхайсан бүтцийг цомхотгон зардлаа танаж алдагдалгүй төсөв оруулж ирэх. Л.Оюун-Эрдэнэтэй дайсагнах биш. Тэдний тэмцэлд иргэд бид үнэхээр туйлдаж хангалттай хохирол амсаж байна. Энэ чигээрээ үргэлжлэх юм бол жинхэнэ жагсаал төв талбайг дүүргэж Н.Учралыг шийтгэх өдөр удахгүй ирэх биз. Эцэст нь дахин хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ чөтгөр, Н.Учрал бурхан биш. Иргэд бас оготно биш. Хэвлэл, мэдээлэл хэн нэгний тэмцлийн хэрэгсэл бүр ч биш шүү.
Сэтгэгдэл үлдээх