Монгол хүний саруул ухаанд итгэх өдөр

Ц.Чимэдцэеэ
2024-04-19

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг мэндэлсний 62 жилийн ой 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд тохиож байна. Монгол Улсын хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд мэдлэг оюунаа дайчлан ард түмний элч төлөөлөгчөөр ажиллаж байхдаа цэл залуухан 36 насандаа зуурдаар нас нөгчсөн түүний хэлсэн үг, хийсэн ажил өдийг хүртэл бидний дунд амьд оршсоор байна.

Санжаасүрэнгийн Зориг манай улсын түүхэнд яагаад чухал вэ?

  • 1989 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан холбоог үүсгэн байгуулалцаж, Ерөнхий зохицуулагч болов. 
  • 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж, 70-аад жилийн турш төрийн эрхийг барьсан МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн. Ийнхүү анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдов.
  • 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Намыг байгуулсан.
  • 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов.
  • 1995 онд мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулах талаар санал дэвшүүлж байв. Энэхүү өөрчлөлтийг 2023 онд Үндсэн хуульдаа тусгасан юм. 
  • 1996 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ.
  • 1998 оны 10 дугаар сарын 2-нд түүний амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарч, одоог хүртэл хэрэгтнийг шийтгэж чадаагүй байна.

Түүний амь хохирсон хэрэг юу болов?

Гурван шатны шүүхээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа Т.Чимгээ гэх 3 хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэмээн нотолсон. 

  • 2017 онд хяналтын шатны шүүхээр яллав.
  • 2021 онд яллагдагчдыг мөрдөн шалгах явцдаа эрүүдэн шүүсэн гэх шалтгаанаар хяналтын шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.
  • 2023 онд прокурорын байгууллагаас хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
  •  Аль ч шүүх дээрх 3 этгээдийг гэм буруугүй гэж нотлоогүй. 

Ийнхүү өнөөдөр нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг “эзэнгүй” болжээ.

Одоо юу болоод байна?

  • С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөхөж, “Энэ хэргийг хаахын тулд зохиомол хэрэг үүсгэсэн. Энэ талаараа тухайн үеийн хууль, хяналтынхан хэзээ нэгэн өдөр ам нээх байх” хэмээн байр сууриа илэрхийлсэн. 
  • С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ монголын төрөөс 48 тэрбум төгрөг нэхэмжлээд байна. 

С.Зоригийн хэлсэн ардчилсан үзэл санаа бүхий эшлэл

  • Аливаа асуудлыг хэлэлцэхдээ Үндсэн хуулиар баталсан зарчмаа бодох хэрэгтэй.
  • Шинэ баялгийг бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүмүүсийг ажилтай болгох нь чухал.
  •  Бидний хувь заяа бидний гарт л байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe