Тодруулга: Жагсагчид зам хааснаар түргэн тусламжийн 10 дуудлага хугацаандаа амжилгүй хоцорчээ

.Graph
2026-10-02

Шатахууны хомсдол, дараалал болон үнийн өсөлттэй холбоотойгоор иргэд үзэл бодлоо илэрхийлж, Төв шуудангийн хажуугийн уулзварыг хаасан билээ. Ийнхүү зам хааснаас болж, түгжрэл үүсэж хүмүүс гэртээ харьж чадахгүйд хүрсэн. Арга ядсан хүмүүс 5-6 км алхаж харьсан гэдэг ч мэдээлэл байгаа юм.

Тэгвэл онцгой, түргэн тусламж, замын хөдөлгөөнд ямар хүндрэл учирсан талаар тодрууллаа. 

 Түргэн тусламжийнхан 10 дуудлагад хоцорч очжээ

Нийслэлийн түргэн тусламжийн төвд өчигдөр нийтдээ 1400 дуудлага иржээ. Түргэн тусламж нь журмаараа яаралтай дуудлагад 20 минутын дотор, яаралтай бус дуудлагад 60 минутын хугацаанд очиж, эмнэлгийн тусламж үзүүлэх ёстой байдаг юм байна. Тэгвэл жагсаалын улмаас 10 дуудлагад хугацаандаа очиж чадалгүй, хоцорсон талаар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Орлогч дарга Б.Айболат ярилаа.

Тэрээр "Зам хааснаас болж дуудлага алдаж, эмнэлгийн тусламж үзүүлж чадаагүй зүйл болоогүй. Өчигдөр 1400 дуудлага хүлээн авч, бүгдэд нь тусламж үзүүлсэн. Гэвч Төв шуудангийн замыг хааснаас болж зам тойрч явсан. Нэн яаралтай үед жагсагчдын дундуур явсан тохиолдол байгаа. Гэхдээ жагсагчдын дундуур явах үед хугацаа их алдаж байсан учраас аль болох тойрч явсан.

Журмын дагуу дуудлагуудыг эрэмбэлж байгаад эмч явуулдаг. Нэн яаралтай дуудлагад 20 минут, яаралтай дуудлагад 20-40 миунт, хүлээгдэж болохоор гэж үзсэн дуудлагад 60 минутад амжиж очих ёстой. Өчигдрын хувьд 10 дуудлагад хугацаандаа амжаагүй. Нэн яаралтай болон яаралтай дуудлагад бид яаж ийгээд амжаад очсон. Харин хүлээгдэж буй дуудлагад хоцорсон. Гэхдээ та бодоод үз. Эмч дуудаад, эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүлээж байгаа хүнд нэг цаг хүлээнэ гэдэг маш хэцүү. 

Жагслаа гэж буруутгаж байгаа юм биш шүү. Амьдралын түвшин, бензин тос хэцүү байна гээд үгээ хүргэж байгаа хүмүүсийг хүндэлж байна. Гэхдээ зам хааснаар бие нь муудсан хүнд яаралтай тусламж үзүүлэх ёстой иргэд хугацаа алдаж, ямар нэг муу зүйл болох эрсдэлтэй. Тиймээс зөв замаар үг, үзэл бодлоо илэрхийлээрэй гэж уриалах байна" гэлээ. 

 Хоёр түймрийг асуудалгүй унтраав

Өчигдөр Улаанбаатар хотод хоёр гал түймэр гарсан байна. Нэг нь Сүхбаатар дүүргийн 19-р хороонд, нэг нь Налайх дүүргийн 1-р хороонд гарсан байна. Жагсагчид зам хааснаар гал унтраах ажилд саад учирсан эсэхийг Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Ямар нэг хүндрэл учраагүй. Бид жагсаал болж байх үед зам тавьж өгөх талаар уриалга гаргасан нь бас нөлөөлсөн байх" гэлээ. 

 Зам тээврийн 11 осол бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр өчигдөр 650 мянган зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ. Харин зам дээр 11 зам тээврийн осол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өглөө. 

Жагсаал цуглаан бол Үндсэн хуулиар олгогдсон эрх билээ. Гэвч энэхүү эрхээ эдлэхдээ бусдад төвөг учруулах нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг зөрчсөн хэрэг юм. Хуульд зааснаар "Нийгмийн хэв журамд хохирол учруулж эмх замбараагүй байдал бий болгох" зорилгоор жагсаал хийхийг хориглодог билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe