Бүгд мэднэ дээ. МАН-ын хэсэг нь амь гарах гэсэн тэмцэл, хэсэг нь бүр мөсөн эрх мэдлийг атгах гэсэн шунал сүүлийн хоёр жил илт үргэлжилж байгаа гэдгийг. Улсын ажил мартагдаад бүр алсарсан гэдгийг ч. Тэдний тэмцэл дараагийн түвшинд шилжиж гудамд иргэдийг талцуулдаг дээрээ ирж. Засгийн газрыг огцруулах, танхимаас нь шүд сугалах сөрөг хүчний шахалттай хослуулж Л.Оюун-Эрдэнийн тал ч зүгээр суусангүй. Олныг турхирч хотын хөдөлгөөнийг хэдэн цаг тэг зогсолт хийлгэж айлгав. Гэхдээ энэ бүгд Ерөнхий сайд Н.Учралд наалдахгүй бололтой. Чуулганы хуралд оролцох үедээ Ардчилсан намынханд хандан огцруулах гээд байгаа бол бичгээ оруулж ирээд чуулганаар хэлэлцүүл би бэлэн байна гэж хэгжүүрхсэн. Намынхаа нөгөө тал болсон нөхдөдөө ч гэсэн та нартай ямар нэгэн тохироо байхгүй гээд гэдийчихсэн гэнэ. Тохироо гэдэг нь хэрэг наймаалах гэж л байгаа болов уу. 30-ийн талд Д.Амарбаясгалангийн холбогдсон хэрэг прокуророос шүүх рүү явахад тиймхэн зай үлдсэн, Л.Оюун-Эрдэнэ дээр ажиллагаа явагдаж байгаа, Б.Баатарт хилийн хориг тавин бас шалгаж байгаа, чуулган удирдахдаа төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого хийсэн гэх хэрэгт холбогдсон Х.Булгантуяагийн хэрэг, Э.Болормаагийн сонгуулийн үед авсан хандив гээд асуудал их. Тийм болохоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаа авч хэсэг нам, гүмд оршиж байсан ч Н.Учралын талаас ажиллагаа явуулсан уу яасан С.Амарсайханыг буулгаж Г.Тэмүүлэнг тавин шалгах ёстой бүх хүмүүсийг шалгаж, явуулах ёстойг нь явуулах үүрэг Н.Учрал өгсөн. Ер нь бол давуу байдал одоо Н.Учралын талд байгаа гэсэн үг. Юу юугүй л багалзуурдуулахад ойрхон учраас 30-ийн тал ямар нэгэн байдлаар амьд гарах гарц хайна. Гэхдээ тэр нь жагсаал, цуглаан биш гэдгийг ойлгосон байх. Сэдсэн өөр зүйл байж л таараа.
Тэр хүсэж байна. Харин тэр хүсэх болов уу?
Ерөнхий сайд Н.Учрал огцорсон ч надад алдах зүйл байхгүй гэж бодож байгаа бололтой. Хэрвээ Ардчилсан нам огцруулах бичиг оруулж ирээд санал хураах дээрээ тулбал Л.Оюун-Эрдэнийн тал болон Н.Номтойбаярын дөрөв бас бус гишүүд дэмжээд Н.Учралыг огцруулчихлаа гэж тооцъё. Дахин шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилох асуудал МАН-д гарч ирнэ. Удирдах зөвлөл, Бага хурал гээд хуралдаж таарна. Тэр үед Н.Учрал дараагийн Ерөнхий сайдын томилгоог гацаах гэж байж магадгүй. Намын даргад тэр хүч байлгүй л яах вэ. Япон руу 21 аймгийн засаг дарга, намын удирдлагуудыг авч явдаг нь ийм учиртай ч байхыг үгүйсгэхгүй. Гацаах Н.Учралд ямар ашигтай юм бэ гэж бодож байна уу. УИХ-ыг тарах нөхцөл байдалд хүргэнэ. Ингэснээр Н.Учрал бүгдээс нь хариугаа авна гэсэн үг. Ангижрах ёстой хүмүүсээсээ ч ангижирна. Тарчихвал дахин сонгууль явагдана. Тэр үед намаа удирдаж сонгуульд ороод ялж чадвал жинхэнээсээ Ардчилсан намын хэлээд байгаа шиг хүлээн зөвшөөрөгдсөн Ерөнхий сайд болно. Мега үзэн ядагчтай болчхоогүй байгаа Н.Учралд намаа ялуулах бүрэн боломж бий. Тэдний дэд бүтэц устчихаагүй хэвээр байгаа учраас. Гэхдээ УИХ дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор нэрлэж чадахгүй бол Ерөнхийлөгч УИХ-ыг тараах шийдвэр гаргадаг. Ерөнхийлөгч ийм байдлыг хүсэж байгаа юу гэдэг сонирхолтой. Уг нь мань хүний санаа бол 2027 онд Ерөнхийлөгчийн тамгаа дараагийн хүндээ гардуулан өгчхөөд 2028 онд намаа удирдан сонгуульд оролцож ялуулах. Тэгээд дараагийн Ерөнхий сайд болох гэж таамаглаад байгаа. Тэгэхлээр Н.Учралын хийх гээд байгаа энэ улс төр тэр хүнд таалагдсан эсэх нь цаашдын өрнөх улс төрийг харуулна. Эсвэл бүр УИХ-ыг тараагаад парламентын чадавхыг муугаар харагдуулан Ерөнхийлөгчийн засаглалтай байх зам руу хөтлөх гэж байж ч мэдэх юм. Хэрвээ тэгвэл У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгч болох боломж гарч ирнэ. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм бол нийт ард түмний санал асуулгаар Ерөнхийлөгчийг сонгодог. Зарим нэг улсад иргэд өөрсдийн төлөөллийг сонгоод түүгээрээ дамжуулан Ерөнхийлөгчийг сонгох тохиолдол ч байдаг. Энэ засаглал руу шилжих юм бол 1992 онд парламентын засаглалтай байх ёстой гэж баталсан Үндсэн хуульд өөрчлөлт орж таарна. Үндсэн хуульдаа яаж өөрчлөлт оруулахаас дараагийн Ерөнхийлөгчийг яаж сонгох вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглал руу шилжих юм бол хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсад аль нэг улс нөлөөллөө нөмрүүлэхэд илүү амар болно гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Тийм учраас тэр үед парламентын засаглал илүү дээр гэдэг сонголтыг хийж байсан. Гэхдээ улс төрийн энэ нөхцөл байдал юу руу ч түлхэж мэдэх учраас бодох л асуудал.
Ардчилсан нам сандарч эхлэв...
Н.Учралыг ална гэж аль хавраас хойш сүрдүүлсэн Ардчилсан нам яг ч алчхаж чадахгүй болохоороо өөрөө амиа хорлочхооч дээ гэж гуйгаад эхэлсэн. Н.Учрал нь ална гэсэндээ л алаач дээ амиа хорлоно гэж юу байдаг юм гээд сууж байгаа. Тэгсэн сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалсан уу яасан бага зэрэг сандралдаад Н.Учрал биш Л.Энх-Амгалангаа огцруулчих болоод явчихсан. Ямар сайндаа л өнөөдөр улс төрийн зөвлөл нь хуралдаад Засгийн газрыг огцруулах юм уу яах юм гэж дахин ярилцаж байх вэ. С.Баярцогт өчигдөр “Засгийн газрыг огцруулах гэж дайраад байгаа юм байхгүй. Гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ болон авлига авсан гэж яригдаад байгаа сайд нараа огцруулчих л гэсэн” гэж ярив. Мөн төрийн тогтвортой байдлыг хадгалах хэрэгтэй гэдгийг ч дурдсан. С.Баярцогт бол муйхраар зүтгээд байгаа О.Цогтгэрэлийгээ бодвол өнөөгийн Ардчилсан намд байгаа ганц улс төрч. Олон жилийн туршлага нь хаачих вэ нөхцөл байдлаа мэдэрч байгаа л байлгүй. Ямартай ч ардчилсан нам ядраагүй, хагараагүй гэдгээ харуулах гэж их л хичээж байна. Гэхдээ л мэдэгдээд байх юм даа.
Хэн нь ч хэнийгээ яаж ч чадахгүй хий эргэсэн хоёр жил. Үр дүнг нь иргэдийн амьдрал өдрөөс өдөрт яаж доройтож байгаагаар хэмжиж болно. Төрийн ордныг тойрсон жагсагчид, дотор нь улс төрийн чөтгөрийн тойрогт орсон улс төрчид. Намасте ээ…
Сэтгэгдэл үлдээх