Төсвийн тодотгол батлагдвал 419 мянган ахмадад 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно

.Graph
2026-10-02

Төсвийн тодотгол батлагдвал энэ оны арваннэгдүгээр, арванхоёрдугаар сард 419 мянган ахмад настанд суурь тэтгэвэр олгоход нийт 196 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Суурь тэтгэврийн хэмжээ 100–300 мянган төгрөг байх талаар салбарын сайд нар мэдээллээ.

Тэтгэврийн насанд хүрсэн хүн бүр суурь тэтгэвэр авах зохицуулалтыг багц хуульд тусгасан байна. Энэ тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлогоос бус, улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд ахмад настнуудын наад захын хэрэгцээг хангах, бага тэтгэвэртэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Тухайлбал, цэргийн алба хаасны тэтгэвэрт эрт гарсан иргэд хуульд заасан тэтгэврийн насанд хүрснээр суурь тэтгэвэр авах боломжтой гэж тайлбарлав. Мэдээлэлд дурдсанаар, нийт 537 мянган тэтгэвэр авагчийн 419 мянга нь суурь тэтгэвэрт хамрагдах юм.

Мөн төсвийн тодотголд иргэдийн орлогыг үнийн огцом өсөлтөөс хамгаалах, эрчим хүчний салбарын үйл ажиллагааг дэмжих дараах зардлыг нэмж тусгажээ. Үүнд:

  • Стратегийн нөөцийн зарим барааны хангамжийг тогтворжуулах болон холбогдох арга хэмжээнд 150 тэрбум төгрөг;
  • Эрчим хүчний тарифын алдагдлыг нөхөх татааст 107.3 тэрбум төгрөг;
  • Цахилгаан станц, дамжуулах болон түгээх компаниудын их засвар, зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe