Канадын Бритиш Колумбиа мужийн Адамс нуурын эрэг дээр аялж явсан эр газарт хэвтэж байсан бараан зүйлийг эхэндээ хуучин шаахай гэж боджээ. Гэвч авч үзэхэд хүний атганы дайтай, нэг килограмм орчим жинтэй эртний мастодоны шүд байсан байна. Мастодон нь заантай төстэй, мөстлөгийн үед Хойд Америкт амьдарч байсан аварга хөхтөн амьтан бөгөөд ойролцоогоор 10 мянган жилийн өмнө устаж үгүй болсон аж.
Камлупс хотын оршин суугч Рон Стори есдүгээр сарын 14-нд Адамс нуурын эрэг дээр аялж байхдаа уг олдворыг олжээ. Тэрээр эхэндээ газарт хаясан шаахайн ул гэж бодсон ч ойроос харахад хоорондоо залгаатай том араанууд болохыг анзаарсан байна. Стори олдворынхоо талаар Бритиш Колумбиагийн Хааны музейд мэдэгдсэн бөгөөд тус музейн палеонтологийн судлаач, цуглуулгын менежер Дерек Ларсон шинжилж үзээд мастодоны араа шүд болохыг тогтоожээ.
Бритиш Колумбиагаас олдсон гурав дахь олдвор
Энэ олдворын хамгийн сонирхолтой зүйл нь Бритиш Колумбиа мужаас мастодоны үлдэгдэл маш ховор олддогт оршиж байна.Судлаач Дерек Ларсоны мэдээлснээр энэ нь тус мужаас бүртгэгдсэн мастодоны ердөө гурав дахь олдвор аж. Тиймээс ганц шүд байсан ч тухайн бүс нутагт эрт цагт ямар амьтад амьдарч байсныг тогтооход чухал баримт болж байна.
75-125 мянган жилийн настай байж магадгүй
Судлаачид шүдний насыг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байна. Гэхдээ Ларсоны урьдчилсан таамгаар 75-125 мянган жилийн өмнөх мөстлөг хоорондын дулаан үед хамаарах магадлал өндөр аж.Тухайн үед Хойд Америкийн ой мод өнөөгийн Флорида мужаас хойд туйлын бүс хүртэл өргөн тархаж байжээ.Гэхдээ шүд үүнээс хавьгүй залуу буюу 10-11 мянган жилийн өмнөх үеийнх болох боломжийг судлаачид үгүйсгээгүй байна.
Хэрэв ийм нас тогтоогдвол нээлтийн ач холбогдол улам нэмэгдэнэ. Учир нь сүүлчийн мөстлөгийн төгсгөл үед Бритиш Колумбиагийн энэ хэсэгт мөсөөр хучигдаагүй газар нутаг байсан болохыг нотлох шинэ баримт болж магадгүй юм.Олдворыг олсон Рон Стори мастодоны шүдийг Бритиш Колумбиагийн Хааны музейд хандивлаж, цаашид эрдэм шинжилгээний зориулалтаар судлуулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж: Daily Galaxy, CBC
Сэтгэгдэл үлдээх