Францад ахлах сургуулийн анги дүүргэлт, багшийн хомсдол, барилга байгууламж зэрэг асуудлаас үүдэн эхэлсэн сурагчдын бослого эрчээ авсан тул 400-500 сургуулийг хэсэгчилэн бүрэн хаах болсныг тус улсын Боловсролын сайд мэдэгдлээ. Олон мянган ахлах сургуулийн сурагчдыг хамарсан жагсаал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд одоогоор Парисаас Монпелье, Нант, Марсель зэрэг бусад хотуудад тархжээ.
Боловсролын сайд Эдуард Геффрайгийн мэдээлснээр, жагсаал эхэлснээс хойш 24 сургууль шатаж, сүйдсэнээс гадна 170 сурагч, 78 боловсролын байгууллагын ажилтан гэмтэж бэртжээ. Түүнчлэн Франц даяар нийт 3,700 орчим ахлах сургууль байдгаас 735 сургуулийн үйл ажиллагаа доголдсон байна.
Хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 5,000 гаруй сурагчийг баривчилсан бөгөөд тэдний 85 орчим хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа аж. Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагт гэхэд 1,747 жагсагчийг баривчилжээ.
Жагсаал эхэлснээс хойш тус улсын Засгийн газраас мэдэгдэл хийж, үүсээд байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр ажиллахаа амалжээ.
Сэтгэгдэл үлдээх