С.Цэнгүүний зөв үү, Н.Наранбаатарын зөв үү

.Graph
2026-10-05

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар төсвийн тодотголын хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж, төсвийн тодотголоос хоёр зүйлийг хассан юм байна. Үүнийг Н.Наранбаатар гишүүн буруутгасан бөгөөд С.Цэнгүүн гишүүнийг юмаа ойлгоогүй хэмээн мэдээлэл хийлээ. Тус хоёр саналыг харьцуулж үзье. 

Нэг дэх нь, яамдын харьяа байдаг төслийн нэгжүүдэд хуваарилсан 8.4 тэрбум төгрөг.

Энэ талаар С.Цэнгүүн гишүүн "Энэ нэгж нь аудитын дүгнэлтээр үр дүнгүй ажилладаг нь тодорхой болж, орон тоог нь багасгаж байсан. Гэтэл одоо ороод ирлээ. Сангийн яамнаас өмнө нь төсөв дотор байж байгаад бичилтийг нь тусад нь салгасан гэсэн боловч задаргааг нь өгсөнгүй. Тэгэхээр өмнө нь 2026 оны төсөвт байгаагүй, шинээр байгуулахаар байгаа юм байна. Энэ нь яам, агентлагийн албан хаагчид хийчих боломжтой ажлыг давхардуулж байна" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Н.Наранбаатар гишүүн "11 дүгээр сарын 1-ээс цалин нэмэх гэж байгаа. Гэтэл яамдын төслийн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийн цалинг ч мөн нэмэх ёстой. Гэтэл С.Цэнгүүн гишүүн үүнийг зарчмын зөрүүтэй санал гаргаад хассан" гэв. 

Хоёр дахь нь, бичиг хэргийн 700 сая төгрөг

Энэ талаар С.Цэнгүүн гишүүн "2026 оны бичиг хэргийн зардлыг бид хангалттай баталж өгсөн. Гэтэл бичиг хэргийн зардал дээр 700 сая гаруй төгрөг нэмэгдэхээр харагдаад байна. Манай улс цахимжиж, бичиг хэргийн зардлыг багасгасан" хэмээн хэлсэн юм. 

Мөн Н.Наранбаатар гишүүн "Нийт төсвийн ерөнхийлөн захирагчдын томилолт бичиг хэрэг, байрны түрээс зэрэг зардлуудыг хассан. Үүнийг хасаж болохгүй. Энэ бол шинээр тодотголд орж ирсэн зүйл биш. Үүнийг С.Цэнгүүн гишүүн зөрүүтэй ойлгосон байна лээ. 2026 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч дээр энэ зардлыг бөөн дүнгээр тавьсан байсан. Үүнийг тодотголоор задалж оруулсан. Гэтэл үүнийг шинээр нэмэгдэж байна гэж ойлгоод хасах санал гаргасан байна" гэлээ. 

Тэгвэл хэнийх нь зөв бэ, төсвийг хасах нь зөв үү, нэмэх нь зөв үү? 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe