Одоогийн Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд 2019 онд арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэл аливаа хурдан морины уралдаан хориглох шийдвэрийг гаргаж байв. Ах нь Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа өвөл, хаврын морин уралдааныг хориглох шийдвэр гаргаж байсан бол дүү нь өчигдөр эсрэг байр суурь илэрхийлж, хаврын морин уралдааныг сэргээж хуульчлах санаачилга гаргалаа. Тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Ухнаагийн Отгонбаяр тэргүүтэй УИХ-ын нэр бүхий 26 гишүүн "Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжүүлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслөө танилцуулах үеэрээ “Манай орны эрс тэс цаг агаарын байдал болон өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй зэрэг нь өвлийн улиралд ирэх жуулчдын тоог бага байхад нөлөөлдөг учир өвлийн морин уралдаан зохион байгуулах арга хэмжээ нь бага боловч үр дүнгээ өгөх болно гэж найдаж байна” гэж онцоллоо.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал дээрх тайлбарыг эрс шүүмжилж, хуулийн үзэл баримтлал, ийм тайлбар байх гэж дээ. Эл хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан хуульчид ичиж амьдраарай. Томчуудыг баясгахын төлөө хаврын морин уралдаан зохион байгуулж болохгүй. Морин уралдааныг үзэгч нэг өдөр л үздэг. Гэтэл ард нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал яригддаг. 2016 оноос хойш 3300 хүүхэд хурдан мориноос унаж бэртсэн байна” хэмээсэн.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) судалгаанд "Сүүлийн 9 жилийн хугацаанд нийт 3412 хүүхэд мориноос унаж гэмтсэнээс 25 хүүхэд амь насаа алдсан харамсалтай статистик бүртгэгджээ. Хүйтний улиралд зам хальтиргаатай, хүүхдүүд олон цагаар даарах зэрэг нь унаж бэртэх, бусад морьдод гишгэгдэх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг" хэмээн дурдсан нь Х.Баасанжаргал гишүүнийг яриаг батална.
Харин УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Унаач хүүхдийн эрхийг зөрчихгүйгээр өв соёл, түүхэн уламжлалаа тээж үлдэх, үүгээрээ жуулчдыг татаж, аялал жуучлалыг нэмэгдүүлэх шаардлага байгаагаас гадна хурдан морь эзэмшигч, уяачдад аль ч улиралд морио уралдуулах, Үндэсний баяр наадамд уралдуулж чаддаггүй морио уралдуулах бололцоог бий болгох, цаашид олон улсын жишигт нийцсэн морин тойруулга байгуулж, бооцоот морин уралдаан зохион байгуулах асуудлын эрх зүйн орчныг бий болгох зайлшгүй шаардлага үүссэн. Эрх зүйн нарийн зохицуулалтгүйгээс 21 аймагт 330 сумд өвөл, хавар нууцаар морин уралдаан зохион байгуулж байна. Засгийн газрын тогтоолыг зөрчин өнөөдрийн байдлаар Дорнод аймагт нэг, Төв аймагт долоо, Ховд аймагт нэг, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт тус бүр нэг удаа хурдан морины уралдаан нийт 11 удаа нууцаар зохион байгуулсан. Хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж болно. Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах нь зөв” гэв.
Зурхайд хэрхэн бууснаас шалтгаалан бид Хаврын тэргүүн сарын шинийн 15 буюу Цагаан сараа тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл, Хаврын тэргүүн сарын шинийн 15 нэг сарын эхээр ч тохиож болно. Гуравдугаар сард ч сар шинээ тэмдэглэж болно. Алин боловч энэ үеийг зуны дэлгэр цагтай харьцуулах аргагүй хүйтэн, зэврүүн үе.
2008 оноос хойш өнөөдрийг хүртэл олон байгууллага, мэргэжилтэн ажиллаж, алхам алхмаар урагшилж, морин уралдаан хууль, журам, стандарттай болсон. 2017 оноос бүртгэлийг цахимжуулсан. Энэ ажил удаашралтай ч алхам алхмаар урагшилж буй. “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлагч, дэмжигч нар асуудалд хэт субъектив байр сууринаас хандаж, хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудлыг орхигдуулж байгаа нь харамсалтай.
Энэ хуулийн нөлөөгөөр
- Хүүхдийн эрх зөрчигдөнө,
- Өв соёлоо гуйвуулж, устгах эрсдэл,
- Хууль бус мал үржүүлэг, худалдаа газар авна,
- Малын хулгай гаарна,
- Мөлжлөг, албадан хөдөлмөр нэмэгдэнэ гээд олон сөрөг үр дагаврууд үүсэж болно.
Н.Учралын Засгийн газар дээрх төслийг бүрэн дэмжихгүй санал өгсөн. Үүнд Монгол Улсын Үндсэн хууль, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, монгол улсын бусад хууль тогтоомж, бодлогыг зөрчиж байгааг сануулсан байдаг. Гэсэн ч хуулийн төсөл УИХ-ын босгыг давж, бүр байнгын хорооны гишүүд дэмжив. УИХ-ын дарга, Гавьяат хуульч С.Бямбацогтоос эхлээд өмнө нь Үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл байна татгалзаж явсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, эсрэг санал хэлсэн Э.Болормаа хүртэл дэмжсэн байна. Ийн нэг хүний саналын илүүгээр эл хуулийн төслийг хэлэлцүүлэхээр дэмжиж баталсан.
Сэтгэгдэл үлдээх