Хүсэл нь хүзүүгээр нь татах цагт

Б.Энхтулга
2026-11-18

Монголчууд бид үнэхээр л хувьтай ард түмэн юм. МАН хагарснаар нэг жилийн дотор юу юу ч үзчихэв дээ. Засгийн газар, УИХ хоёр нь Үндсэн хуулийн цэцээр маргаанаа хагалуулахыг, гурван удаа Ерөнхий сайд солигдохыг, хотын дарга асан нь харь улсад лайвчин болохыг, одоо бүр Ерөнхийлөгч нь бүрэн эрхээ дуусахаасаа өмнө ажлаа өгсөн тохиолдлыг харах гэж байна. Уг нь тэр суудалд очихоор гадаслагдаж аваад, гартаа атгасан титмээ тавихыг хүсэхээ байчихдаг л гэж бодож явлаа шүү дээ. Ингээд буучхаж болдог гэж хэн санах вэ. Яалт ч үгүй шахаанд орчихсон уу, ямар нэгэн төлөвлөгөө байв уу гэдгийг тун удахгүй өрнөх улс төрөөс харагдах байх. Төрийн ордонд улс төр бужигнаж байх зуур хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа ганц л хүн байна. Тэр нь УИХ-ын дарга С.Бямбацогт. Маргаашийн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг түр хугацаанд гүйцэтгэх эрхээ авна гэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуулт гарч эхэлснээс хойш нэр дэвших нууцхан хүслээ тэвчиж чадахгүй гаргачих гээд л байсан. Тэгсэн хүссэн зүйл хүзүүгээр татна гэдэг шиг л тэр албан тушаал нь өөрөө хүрээд ирдэг юм даа. Зарим нэг нь бөгсөө тавиад л үзчихвэл үхэхэд харамсах зүйлгүй гэж бодож явдаг суудалд мань хүн дөрвөн сар суух нь. Хэдий эрх мэдлийн хязгаартай очих ч энэ их улс төрийн бужигнаан дундаас ёндоорч байгаа нь тэр. Түүнийг тэр чигт нь Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчээр дэмжин өрсөлдүүлж ч магадгүй юм. Хэрвээ шоглоом тэгж гарвал Ерөнхийлөгчийн суудлаас төрийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаад оролцоно. Яг одоогийн байдлаар хуваагдсан МАН-ын хоёр талын эрх ашгийг хангаж аль ч талын дэмжлэгийг авч чадах хүн нь тэр байх. Ер нь одоогийн нөхцөлийг харвал хамгийн боломжит хүн нь болж хувираад байна. Хэдхэн долоо хоногийн өмнө нэр нь хальт дурдагдаж Г.Занданшатарт дарагдаж явсан хүн шүү дээ. 

Намын даргын шаардлагад нийцэх үү... 

Нэг зүйл харшиж магадгүй. Өнөөдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ манай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн ямар нэгэн гэмт хэрэгт нэр нь холбогдож байгаагүй, ёс зүйн хэм хэмжээгээ мэддэг хүн байх ёстой гэдэг үгийг хэлсэн. УИХ-ын дарга С.Бямбацогт тийм ч нэр цэвэр хүн биш. Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий хүнийг зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй, ЖДҮ, “Чингис” бондоос хэдэн зуун тэрбумаар нь мөнгө авч угаасан гэх хэргүүдэд нэр нь явж байдаг. Эцэслэн шийдэгдээгүй ч тухайн үед АТГ-т иргэд шалгуулахаар хандаж л явсан. Улс төрийн зорилготой байсан уу, үнэн байсан уу гэдэг нь одоо болтол тогтоогдоогүй. Тэгсхийгээд замхарч таг болсон. Дэвшдэг дээрээ тулах юм бол дээрх хэргүүд эргээд сөхөгдөх нь гарцаагүй. Намын дарга ганцаараа нэр дэвшигчийг нэрлэхгүй ч намаас дэмжлэг авахад чухал нөлөө үзүүлнэ. Тэгэхлээр шаардлага хангахгүй байх магадлалтай. Эрх мэдэл ирэх цагт түр хадгалаад өгье гэх хүн нэг ч үгүй. Түүндээ улам шигдэхийг л хичээнэ. Тэр ч энэ замаар л явах биз. 

Уг нь хүссэн зүйл нь хүзүүгээр нь татаад ирлээ. Муу нөхцөлд сайнаар. Мань хүн ямар араншин гаргах юм бол доо.


 

Сэтгэгдэл үлдээх

Харин ч ёс зүй тал дээр ч , гэмт хэрэгт нэр нь дурдагдаад байдаггүй ганц кандитат нь энэ Бямбацогт шүү. Энэ хүн харин одоо зоригтой хөдлөөд нэг мөсөн дэвших ёстой. Өөр энээс илүү гарах хүн алга

МАН-ын гишүүн Үрлээ

Дэмжих үү?

1 1
Newsletter Subscribe