Mongolian Investment Forum Сингапурт гурав дахь удаагаа болж байна

Н.Саруулдөл
2026-11-18

Graph.mn та бүхэнд Сингапураас мэдээлж байна. Монгол залуусын үүсгэн байгуулж, дэлхийн томоохон хотуудад амжилттай зохион байгуулагдсаар буй Mongolian Investment Forum Сингапурт яг одоо болж байгаа юм.  

Энэ удаагийн үйл ажиллагаа нь Сингапурын финтек фестивальтай давхцаж байгаагаараа онцлог. Учир нь, энэ фестиваль дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид, ялангуяа банк, санхүүгийн компаниуд, гарааны бизнес эрхлэгчид оролцдог. Өөрөөр хэлбэл, фестивальд оролцож буй томоохон хөрөнгө оруулагчдыг урьж, тэд Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах боломж нэмэгдсэн гэсэн үг.  Capital Markets Mongolia-ийн зохион байгуулж буй энэхүү форумд хөрөнгө оруулалт татах сонирхолтой монгол компаниудаас гадна монголын банк, санхүүгийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүд ч цугларчээ. 

Форум нь Сингапурт анх удаа биш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа аж. 2025 оны Сингапурын форумд Монголын 20 гаруй тэргүүлэх компани болон Goldman Sachs, J.P. Morgan, BlackRock, DBS зэрэг олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл, нийт 150 гаруй оролцогч хамрагдсан. Тэгвэл энэ удаад 200 орчим оролцогч оролцож байна  

Форумын сэдэв нь яахын аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгч огцорсон үйл явдалтай холбогдож байлаа. Хөрөнгө оруулагчид үүнийг улс төрийн тогтворгүй байдал гэж харж, зах зээлд баримтлах бодлого, санхүүгийн салбарт нөлөөлөх эрсдэл байгаа эсэхийг тодруулж байв. Харин манай улсаас оролцож буй төлөөлөгчид “Бид бол ардчилсан улс учир энэ бүхэн байдаг л үзэгдэл.

Ерөнхийлөгч огцорсон ч банк, санхүүгийн зах зээлд нөлөөлөхгүй, хууль журам өөрчлөгдөхгүй” гэсэн байр сууриндаа бат зогсож байсан юм. 

Форумд хөрөнгө оруулалт татах сонирхолтой Монгол компаниуд оролцож байна. Жишээлбэл, Голомт банк Social Pay 3.0, эмэгтэйчүүдэд зориулсан бизнесийн зээл болон Голомт банкийг залуус сонгож хэрэглэдэг хэмээн өөрсдийгөө онцлон танилцуулав. Түүнчлэн AI virtual bank үйлчилгээг амжилттай эхлүүлж байна гэсэн юм. 

Мөн Invescore компани дөрвөн жилийн өмнөөс Сингапурт ажиллаж, London listed буюу Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болжээ. Мөн энэ улсад төв оффисоо нээсэн байна. 

Энэ нийтлэлээр бид CMM-ийн залуусыг заавал дурдах ёстой. Сэтгүүлч миний нүдээр харахад, тэд төр засгийн хийж чадаагүй, магадгүй чадах ч үгүй тэр орон зайд амжилттай ажиллаж байна. Сингапур дахь энэ үйл ажиллагаа Park Royal Collection хэмээх оффист болж буй бөгөөд танхим дүүрэн оролцогчтой байна. 

Форумын үр дүнг харуулах хэлцлүүдийг дурдах хэрэгтэй байх. Тус форумын хүрээнд 2026 онд

  • Засгийн газар, Голомт банк тус бүр 500 сая,
  • Монголын Хөгжлийн банк нэмэлт гаргалтын хамт 750 сая ам.долларын бонд олон улсын зах зээлд гаргасан.

Мөн X сараас хойш Монголын банкууд олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудаас дараалан урт хугацааны санхүүжилт татаж байна.

  • Тухайлбал ХААН банк IFC-ээс 210 сая ам.доллар,
  • Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)-аас 130 сая ам.доллар,
  • Хэд хэдэн хөгжлийн санхүүгийн байгууллагаас хамтран 172 сая ам.доллар,
  • Голомт банк FinDev Canada-аас 50 сая ам.доллар, Богд банк BlueOrchard-аас 15 сая ам.долларын санхүүжилт тус тус авчээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe