Орон сууцны захиалгын залилан: 2,200 иргэн 173 тэрбум төгрөгөөр хохирчээ

.Graph
2026-10-05

Барилгын компаниуд нэг орон сууцыг давхардуулан захиалж, гэрээ байгуулсан зэрэг асуудлаар 2,200 гаруй иргэнд нийт 173 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 173 хэргийг цагдаагийн байгууллага шалган шийдвэрлэж байна.

Орон сууцны захиалгад залилуулсан иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, цаашид ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээг Засгийн газарт танилцуулж, хэрэгжүүлэхээр болжээ.

Тухайлбал, баригдаж буй орон сууцны төслүүдийн мэдээллийг төрийн байгууллагууд хооронд нэгтгэх түр журам гаргаж, орон сууцны мэдээлэл, бүртгэлийг цахим системд байршуулан иргэдэд нээлттэй болгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр иргэн орон сууц захиалахаасаа өмнө тухайн байрны бүртгэл, мэдээллийг шалгах боломж бүрдэх юм.

Мөн нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа боловч инженерийн шугам сүлжээний асуудлаас шалтгаалан саатсан барилгуудын хөрөнгө оруулалтыг нэн тэргүүнд шийдвэрлэхэд анхаарахаар болжээ.

Үүнээс гадна цагдаа болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад орон сууцны залилангийн хэргүүдийн шийдвэрлэлтийг түргэтгэж, хохирлыг барагдуулах ажиллагааг эрчимжүүлэх чиглэлийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн өгчээ.

Ажлын хэсгийн дээрх саналуудыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох тогтоол гаргуулахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe