Төрийн эрх барьж байгаа Монгол Ардын нам нь улайм цайм хоёр хуваагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч. Үүнийгээ дагаад хэвлэл нь ч хоёр хуваагдан хоёр талд нэгнээ төрөөс санхүүжсэн, санхүүжээгүй гэж дайраатай. Гэхдээ яг үнэндээ МАН-ыг Л.Оюун-Эрдэнэ хоёр хуваасан шиг хэвлэлийг ч гэсэн тэр болон түүний хамаарал бүхий хүмүүс хоёр хувааж байгаа. Өөрсдийнхөө тэжээдэг хэвлэлүүдээр бусдыг нь чичлүүлж суулгадаг. Үгүй яах вэ ойлгож байна. Мөнгийг нь авчихсан хүмүүс нөгөө хүндээ үйлчлэх ёстой гэдгийг. Гэхдээ үзэл, бодлоо гээн барин, өнөө хүнээ шүтэн барин өөрийн салбараа нулимах ёстой ч юм уу бүү мэд. Сонссон, судалсан, уншсан зүйлээ нэгтгэн бичвэр бичиж, улс төрийн эргэн тойрны асуудлыг тоймлож асуудлын тэнцвэрийг хадгалж тэг дундуур нь туучдаг мань мэтийн хүмүүс Н.Учралын Засгийн газраас 300 ам.доллар авч бичдэг болчихсон л тууж явна лээ. Зүгээр дээ. Бичсэн бичвэрүүд минь, тоймлож ярьсан ярианууд минь тэдэнд хариу өгчих байх.
За гол сэдэвтээ оръё. Хаа сайгүй хуваагдан ядаж байхад эрх баригчдын өөдөөс ганц ган хийж байх ёстой Ардчилсан нам нь бас хуваагдаад багагүй хугацааг үдлээ. Та бүхэн санаж байгаа байх өнгөрсөн хавар Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намынхаа даргатай хамт давхар хашиж байгаа УИХ дахь бүлгийн даргын ажлаа өгнө хэмээн бүлгийн хурал явагдсан гэдгийг. Хоёр цаг орчим хэрүүлтэй, хэлцэлтэй болсон тэр хурлаас тодорхой шийдэл гараагүй. Мань хүн бүлгийн хурлын дараа яриа өгөх үедээ намайг үргэлжлүүлээд ажиллачих гэсэн шийдэлд хүрлээ гэсэн юм яриад гарч явсан. Хэн итгэх вэ дээ. Тэд дотроо бүлгийн дарга хэн байх вэ гэдэг дээр тохирч чадаагүй л гарч ирсэн. Уг нь тухайн үед Х.Тэмүүжинг бүлгийн даргад олонх нь дэмжиж байсан гэдэг. Тэгэхлээр нь бүлгийн даргын асуудлаа хойшлуулчихсан. Яг тухайн үед нь нэгэн бичвэртээ би ямар учраас хойшлогдсон талаар дурдаж л байлаа. Ерөнхийлөгчийн зүгээс Ардчилсан намын асуудалд оролцож хойшлуул гэх үүргийг О.Цогтгэрэлд өгсөн тухай Ардчилсан намын бүлгийн зарим нэг гишүүд нь өөрсдөө яриад явж байсан юм даг. Тэгсэн өнгөрсөн баасан гарагт Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Засгийн газрын эсрэг авах арга хэмжээний талаар хуралдсаны араас О.Цогтгэрэл мэдээлэл хийж бүлгийн даргын ажлаа ойрын хугацаанд өгнө гэж хэлсэн. Бүлгийн даргыг мэдээж бүлгийн хурлаар сонгож, шийдвэрлэнэ. Ингээд ёсоор өнөөдрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар бүлгийн даргын асуудал яригдаж өнгөрсөн хаврын бүлгийн хурлаар яригдаж байсан хоёр нэр дахин яригдав. Хууль зүйн сайд хийж явсан, ордны хуулийн толь гэгддэг Х.Тэмүүжин, 2024 оноос УИХ-д сонгогдон орж ирсэн, Ардчилсан сэргэлт холбоо фракцын Б.Түвшин нар. Гэвч дахиад л энэ хоёр нэрийн нэг дээр тогтож чадсангүй. О.Цогтгэрэл бүлгийн даргын ажлаа өгөх хүсэлтээ өгөөгүй гэдэг шалтгаанаар долоо хоног хойшлохоор болж. Уг нь Ардчилсан нам харагдах гэж хичээж байгаа шиг ээ эв нэгдэлтэй, нэг зүгт харж байсан бол аль хэдий нь хавар шийдэгдэх асуудал байлаа. Гэхдээ бүлэг дотор тэднийг хувааж, өөрийн эрх ашгийг хангуулах гадны хүчин зүйл гараа дүрээд байх шиг. Өөрийн талд шийдэгдтэл багалзуурдсаар л.
Гадны хүчин зүйл...
Хэвлэлээр янз бүрээр л бичиж харагдана. Зарим нэг нь цаанаас ирсэн таван өгүүлбэрийг яг тэр чигээр нь хуулаад сайт болон хувийн хаягтаа байршуулан О.Цогтгэрэл “Женко” Х.Баттулгын талынхан дэмжиж байгаа Х.Тэмүүжинд бүлгийн даргын тамгаа өгөх гэж байна гэх гарчгаар нийгмийн сүлжээнд нөлөөлж байна. Үнэн. Х.Баттулгын талын гэгддэг гишүүд Х.Тэмүүжинг дэмжээд байгаа нь. Нөгөө талд “Элсний 13” (үе үеийн улс төрд намынхаа бодлогыг сөрж өөрсдийнхөө эрх ашгийг бодож нөгөө намдаа үйлчилдэг байсан хүмүүсийг ингэж нэрлэдэг) Б.Түвшинг дэмжээд байгаа гэх. Ингээд яг таг хоёр хуваагдчихаад Ардчилсан намаа амьд авч үлдэх гэсэн хэсэг нь Х.Тэмүүжингийн талд ороод бүлгээ хүртэл Ерөнхийлөгчийн зангаагаар үлдээх гэсэн хэд нь Б.Түвшинг дэмжээд байгаа юм уу даа. Нөгөө "хүний нохой идэхээр өөрийн нохой ид" гэдэг шиг л МАН-ын Ерөнхийлөгчид бүлгийн даргаа өгч байснаас "Женко"-д өгчихсөн нь дээр байлгүй л гэдэг дээр тулаад байгаа юм шиг байна. Бүлгийг нь эрх баригч намын Ерөнхийлөгч атгаад авчихвал ямар олиг байх вэ дээ. Ерөнхийлөгч яагаад Ардчилсан намын бүлгийн даргын асуудалд оролцоод байгаа гэж бичээд байгаа вэ гэхлээр өмнөх бүлгийн даргын сонгуульд зарим нэг бүлгийн гишүүд ярьж байсан, өнөөдөр ч мөн тэгж ярьж байв. Гадны хүчин зүйл л тэдэнд нөлөөлж байгаа учраас бүлгийн даргаа сонгож чадахгүй өдийг хүрсэн гэж. Бүлгийг нь базчихвал МАН өөрсдийн хуваагдалдаа АН-ын бүлгийн гишүүдийг ашиглана. Аливаа хууль, тогтоолд тэдний кнопыг нийлүүлж тооцно гээд олон талын ашигтай. Тийм учраас АН-ын бүлгийн даргын сонгуульд гадны хүчин зүйл нөлөөлөөд байгаа бол, тэгээд тэр хүчин нэгэнт гараа дүрчих юм бол тэр өдрөөс хойш Ардчилсан намыг сөрөг хүчин гэх нүдээр харахгүй байхад болох байх. Цэнхэр өнгөтэй МАН л болно гэсэн үг. Түүнийг эсэргүүцсэн хэсэг, түүний төлөө хэсэг хүмүүсийн зөрчилдөөн АН-ыг бүлгийн даргаа ч сонгож чадахгүй, чадамжгүй нам болгон харагдуулж байна даа. Ер нь бол Ардчилсан намд аль хэдий нь улаан намынхан гараа дүрчихсэн гэж ярьдаг. Бүр л гүнзгий дүрэх гээд л…
Сэтгэгдэл үлдээх
Тэмүүжин бол нэгнийхээ жагсаалтыг дээрэмдэж гишүүн болсоноос хойш үнэ цэн, үзэл баримтлал үгүй, намдаа ч нийгэмд ч нэр хүндгүй болсон гишүүн. Женкогийн дэмжлэгтэй Тэмүүжин тал намаа авч үлдэх гэнэ үү,
Хаха
Дэмжих үү?
0 0