Тэдний араас

Б.Энхтулга
2026-10-06

Засгийн газар бүтэц дээ жижигхэн засвар оруулах нь ээ. Өвдсөн араагаа сугалж имплант хийлгэх юм байх. Тэр өвдсөн араа нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир байж магадгүй байна. Ийм яриа гарах үндэслэлтэй үзэгдэл ч гараад эхэлчихсэн. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж, тэтгэврийг нэмэх асуудлаар дорвитой арга хэмжээ авахгүй, тэдний асуудлыг тоохгүй байна гэж Т.Аубакирыг шүүмжилсэн. Тэтгэмж, тэтгэвэр нэмэх ямар ч мөнгө байхгүй гээд суучихдаг түүнд огцруулах арга хэмжээ авахыг Засгийн газраас шаардаж, мэдээлэл хүртэл хийсэн. Хариуд нь Т.Аубакир “халамж хавтгайрах гээд байгаа учраас Ж.Баясгалан гишүүний саналыг дэмжээгүй гэдгээ хэлээд тэтгэмжийг нь нэмээд байх юм бол хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй болно” гэсэн юм. Яах вэ бодох л асуудал. Гэхдээ бид энэ бүлгийн иргэдээ бас орхигдуулах ёсгүй. Ялгаж, салгаад хандах хэрэгтэй. Янз янзын л юм сонсож явлаа. Зүгээр байгаа хүүхдийнхээ хөл, гарыг албаар гэмтээгээд асаргааны тэтгэмж авдаг хүмүүс ч байдаг гэж. Ийм юм үнэхээр байдаг бол татвар төлөгчдийн мөнгө хайран, нөгөө талдаа зүрх шимшрэм. Шалгаж, нягтлах ёстой л асуудал. Гэхдээ тэтгэмж нэмэхгүй байх түүний байр суурь Засгийн газрынхаа цалин, тэтгэвэр нэмэх бодлогын эсрэг байгаа нь шалтаг болсон байх. Засгийн газрын тэргүүн нь танхимаа авч үлдэх гээд эрвийх, дэрвийхээрээ үзэж байхад танхимын гишүүн нь тэнд өөр юм яриад яваад байх юм бол хэн дуртай байх вэ дээ. Танхимаа тогтвортой байлгахын тулд гаргаж байгаа золиос нь тэр болж таарах нь. Түүний оронд нам дотроо наашаа, цаашаа хөдөлгөөн хийчихдэг, засаг ганхаад ирэхэд ганц хоёр хүнд яриа оруулчихдаг хүн орж ирэх болов уу. Мань хүн өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд арай л нам гүмд оршлоо. Энэ байдал нь ч бас нөлөөлсөн байх. Г.Занданшатарын танхимд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байсан тэрээр хоёр засаг дамжин ажилласан. Гэхдээ энэ хоёр засаг нь нийлээд ердөө нэг жил дөрвөн сарын л настай. Анх Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар ажиллаж байх үедээ төв нам руу шилжин ажиллаж, тэндээсээ УИХ-д нэр дэвшин 2020 онд УИХ-ын гишүүн болж байсан юм. Түүний өнгөрсөн энэ замналын хугацаанд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүх юмны дарга байлаа. Тийм учраас тэднийг хамаатуулж бичих тохиолдол ч байдаг. Гэхдээ хагарлаас хойш хоёр засаг дамжин ажилласан гэж үзвэл нөгөө талаа налсан ч байж мэдэх юм. Эсвэл Үндэсний цөөнх гэдэг утгаар нь төлөөл болгосон ч юм уу. Ямартай ч хамгийн ойрын хугацаанд явах хүний нэг нь тэр болж магадгүй байна. Маргаашийн махны үнээс тогтворгүй Засгийн газраас танхимтайгаа хамт хариуцлагаа үүрээд оцгорсон нь ч, танхимаасаа хөөгдсөн нь ч, шүд болж сугалагдсан нь ч байна. Тэдний араас явах дараагийн хүн нь Т.Аубакир байж магадгүй байна. Н.Учрал шүдээ зулгаагаад ч болов түр аргацаах гэж байгаа юм болов уу. Эсвэл жинхэнэ цэвэрлэгээ хийж байгаад урт зам туулах гээд байна уу. 

Танхимтайгаа хамт огцорсон Х.Ганхуяг "come back" хийх гэж байна уу...

Манай улс төрчдөд сайд горьдож явдаг хүн олон бий. Надад тийм бодол байхгүй, би мэдээгүй гэж хэдхэн цагийн өмнө ярьж байсан хүн сайд болчхоод баясаад гүйж байхыг бишгүй л харсан. Тэнд эрх, мэдэл. Тэнд төсөв бий учраас... 

Үргэлжлэлийг 2026.10.07-нд Graph.mn-ээс. 



 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe