2027 оны улсын төсвийн төслийг Засгийн газраас өргөн барьсан билээ. Уг төсөл Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Эдийн засгийн хараат бус, мэргэжлийн зөвлөлөөс хэлэлцэн санал, дүгнэлт гаргалаа.
ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ
Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөл нь нэг удаагийн орлогоор байнгын зардлыг тэлсэн, ганц жил хэрэгжих тусгай хуулиар төсвийн дүрмийг тойрсон, мөчлөг дагасан төсөв болжээ.
Төсвийн тусгай шаардлагуудыг цаасан дээр хангасан боловч эрсдэлийг даах нөөц орон зай үлдээгээгүй байна. Төсвийн зарлага 2026 оны тодотголоос 9.6 их наяд, 2026 оны 5 дугаар сарын 29-нд батлагдсан төсвийн хүрээний мэдэгдлээс 7.1 их наяд төгрөгөөр илүү байна. Тэлэлтийн гол эх үүсвэр нь 6.71 их наяд төгрөгийн нэг удаагийн ногдол ашиг бөгөөд үүгээр урсгал зардлыг 28.9%-иар өсгөж, ДНБ-ий 29.1%-д (хуулийн хязгаар 30%) хүргэжээ.
Зарлага нэрлэсэн ДНБ-ээс 2 дахин хурдан өсөж, инфляц 12.5%-д хүрч, өрхийн бодит орлого 4.9%-иар буурсан өнөө үед хэт тэлсэн төсөв эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг улам хөөрөгдөх эрсдэлтэй. Түүнчлэн 2026 оны төсвийн тодотгол батлагдаагүй байхад 2027 оны төсвийн тооцоог түүний тоон үзүүлэлтэд суурилан хийжээ. Ганц жил хэрэгжих тусгай хууль төсвийн төлөвлөлтийн дөрвөн суурь зарчмыг (Төсвийн тогтвортой байдлын тухай хууль (ТТБХ)-ийн тусгай шаардлага, Төрийн хэмнэлтийн тухай хууль, жилийн төсвийн зарчим, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2) түдгэлзүүлж, түүний 5 дугаар зүйл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.5 дахь хэсэгтэй зөрчилдөж байна.
Уул уурхайн экспорт, орлого өндөр байгаа мөчлөгийн харьцангуй таатай үед нөөц хуримтлуулж, өрөө бууруулах ёстой байтал төсвийг дүрмийн хязгаар хүртэл тэлжээ. Ийм нөхцөлд Оюу толгой (ОТ)-н ногдол ашиг төлөвлөсөн хэмжээнд орохгүй бол алдагдал ДНБ-ий 3.7% орчимд хүрч, 6.4 их наяд төгрөгийн өрийн баталгааг бүрэн ашиглавал Засгийн газрын өр ДНБ-ий 54–55%-д хүрэхээр байна.
Иймд энэ төсөв эдийн засгийг тогтворжуулахын оронд эрсдэл болон төсвийн дарамтыг ирэх он жилүүд рүү шилжүүлсэн, Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын амлалтуудын эсрэг чиглэсэн төсөв болжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл үлдээх