А.Ариунзаяагийн хүсэлтээр ҮХЦ-ийн их суудлын хуралдаан хойшиллоо

.Graph
2026-10-07

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэхээр байсан ч хуралдаан хойшиллоо.

Тодруулбал, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа томилогдсон байна. Тэрээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг өчигдөр гаргасан байна. Ингэхдээ маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянан үзэх, маргагч талуудад эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцэх боломж олгох шаардлагатай байгааг дурджээ. Ийнхүү хуралдаан хойшилж, аравдугаар сарын 23-ны өдрийн 09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлолоо.

72.1 дэх хэсэг ямар агуулгатай вэ?

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасан. Уг заалтын “…дутуу…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр” Улсын Их Хурлын гишүүнийг сонгох эрхийг зөрчсөн гэж үзэж буй юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe