МАН-ын 30, 38 гэх жүжгийн эцсийн зорилго нь ганц

Н.Саруулдөл
2026-10-08

 1. 

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүйн үлгэрээр УИХ дахь МАН-ын 68 гишүүн 30-ийн бүлэг, 38-ын бүлэг хэмээн хуваагдсан билээ. 30-ийн бүлэг гэдэг нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд. Эхэндээ тэд 30-уулаа байсан ч одоо 16 болсон гэх. Харин 38-ын бүлэг гэдэг нь одоогийн Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй гишүүд. Тэдний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа гэж хардагддаг. Уг нь бол У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхийлөгч болохдоо намын гишүүнээсээ татгалзсан. Гэвч түүний зөвлөх, анд найзууд нь улс төрд дэмжлэг аваад байдгийг бодоход чимээгүй оролцсоор байгаа нь, тэднийгээ хамгаалсаар байгаа нь үнэн билээ. 

 2. 

Улс төрд мөнхийн ашиг сонирхол л гэж байдаг гэдгийн үлгэрээр 30-ийн болон 38-ийн бүлгийн гишүүд ашиг сонирхлоороо л нэгдэцгээж байгаа. Намаа хэн авч чадсан нь 2027, 2028 оны сонгуульд өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлж чадна.

38-ын бүлгийн эрх ашиг нь хамгийн ойлгомжтой. Намаа атгасан лидерүүдээ дагаснаар квот олж авна, сайдын суудалд амархан хүрч чадна. Харин 30-ийн бүлгийнхний эрх ашиг их ээдрээтэй. Тэдний дунд яллагдагчаар татагдаж, гишүүнээс буунгуутаа шоронгийн хаалга татаж магадгүй хэдэн хүн бий. Жишээлбэл, Үндсэн хуулийг уландаа гишгэсэн Х.Булгантуяа, найруулагч Б.Баатартай хамтран компани эзэмшдэг Л.Оюун-Эрдэнэ, сонгуулиар гадаад компаниас хандив авсан Э.Болормаа гээд тэдний бүлэг бол яллагдагчдын бүлэг. Тэдний эрх ашиг нь ялаа наймаалцах, дахин гишүүн болж бүрэн эрхтэйгээ үлдэх. Ийм л ашиг сонирхлын улмаас тэд хоёр бүлэгт хуваагдчихсан.

 3. 

Улс төрд мөнхийн найз гэж байдаггүйн адилаар мөнхийн дайсан ч гэж байдаггүй. Өчигдөр хэрэлдэж, нэгнээ гүтгэж явсан хүмүүс маргааш нь тэврэлдэн тууз хайчлаад зогсох нь бий. Жишээлбэл, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхсайхан Ардчилсан намаас, Н.Энхбаяр  МАН-аас өрсөлдөж байсан. Тэр үеэр М.Энхсайхан Н.Энхбаярыг “авлигын загалмайлсан эцэг” хэмээн, харин Н.Энхбаяр М.Энхсайханыг “хятад, хужаа” зэргээр цоллож явсан. Ингээд М.Энхсайхан сонгуульд ялагдаад, 2006 онд Үндэсний шинэ намыг байгуулж 2009 оны сонгуульд Н.Энхбаярыг дэмжээд явж байсан удаатай. Үүгээр зогсохгүй 2012 онд намуудаа эвсүүлэн “Шударга ёс” эвслийн дор сонгуульд хамт орсон юм. Өчигдрийн өрсөлдөгч маргаашийн холбоотон болдог улс төрийн хамгийн тод жишээний нэг энэ.

 4. 

Улс төрд мөнхийн найз ч байдаггүй, мөнхийн дайсан ч байдаггүй. Мөнхийн эрх ашиг л байдаг. Эрх ашиг нь нэгдсэн цагт МАН-ын 30, 38-ын бүлэг ч буцаад нэгдэнэ. Тэгвэл тэднийг нэгтгэх хамгийн том эрх ашиг нь сонгуулийн ялалт. Үүнийг онол ч батална. Улс төрийн онолоор намын үндсэн зорилгын нэг нь сонгуульд ялж, төрийн эрх мэдэлд хүрэх. Учир нь эрх мэдэлгүйгээр нам өөрийн дэвшүүлсэн бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж тун бага. Төрийн эрх мэдэлгүйгээр МАН гудамжинд гарч, мөнгө ч үгүй, юу ч үгүй хоцорно. Ямар ч МАН-ын гишүүн үүнийг хүсэхгүй. Ямар ч нам үүнийг хүсэхгүй. Аль болох л ялахыг бодно. Тиймээс одоо 30, 38 гэж хуваагдаад буй бүлгүүдийн уулзах цэг нь сонгууль байх болно.

 5.  

Угаас тэд эрх ашиг нэгдэх юм чинь одоогийн болж буй бүхэн юу юм бэ, яагаад болоод байгаа юм бэ гэх асуулт гарна. 

Энэ асуултад хариулахын тулд, МАН-ын 30, 38-ын бүлгийн ийнхүү арцалдаж байгааг жүжиг юм биш үү гэж хардах үндэстэй. Төрийн ордныг хар л даа. Яг л галзуугийн эмнэлэг. Болдоггүй гарууд нь 30-ийн бүлэгт ч байна, 38-ын бүлэгт ч байна. Бүхэл бүтэн тусгаар улсын Төрийн ордонд үрчилж авсан хүүхдээ шараад идчихсэн байна гэж яриад тэрийг нь үнэн гэж батлаад байгаа УИХ-ын гишүүн байна. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсноо гайхуулан яриад инээж байгаа УИХ-ын гишүүн байна. Батлаагүй төсвийг түрүүлж үрчхээд баталж өг гээд дайрч байгаа сайд нар байна. 

Энэ мэтээр сэдэв болгоныг сенсаци болгож, сэдэв болгон дээр иргэдийнхээ оюун санааг хагалан буталж, талцуулан хэрэлдүүлсээр тэд залхахгүй байна. Сандал суудлын сэлгээ хийсээр 68 гишүүн бараг бүгд л сайд хийгээд үзэх нь. Энэ бүх солиорлын ард хамгийн чухал зүйлс таг мартагдаж, олон нийтийн хандалтыг авч чадахгүй байна. Энэ бол төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл. Төсвүүдийн ганц нэг мэдээлэл газар авч, иргэд анхаарлаа хандуулаад ирэхээр л ямар нэг сенсаци давхцаад ороод ирнэ. Захын иргэнээс төсвийг хэдээр тодотгож байгаа юм бэ, ирэх оны төсөв хэдэн их наядаар тэлсэн бэ гэдгийг асуувал хариулж чадахгүй байх. Харин Ц.Элбэгдоржийг хүүхдээ шарж идсэнд тэд үнэмшинэ. Ингэж үнэмшсэн хүнийг буруутгах аргагүй. Нийгэм тийм л мэдээлэл рүү шуурч байна. Магадгүй мань хоёр бүлэг хэргээр тийш хандуулж нууцаар төсвүүдээ батлаад авах санаатай ч байж мэднэ. 

 6. 

Учир нь, өмнө хэлсэн шүү дээ. Намын туйлын зорилго бол сонгуульд ялах, төрийн эрхийг авах. Монголын сонгуульд ялахын тулд мөнгө хэрэгтэй байдаг. Хамгийн их мөнгөтэй нь сонгуульд ялдаг гэж судлаачид хэлдэг шүү дээ. Тэгвэл МАН мөнгөтэй болохын тулд ийнхүү бужигнуулж байгаад чимээгүйхэн төсвөө баталж авах нь тэдэнд ашигтай. Тэгж л тэд сонгуулиа авах мөнгөтэй болно. Тэгж л тэд төрийн эрхийг авна. Өөрөөр хэлбэл, МАН-ын 30, 38 гээд байгаа хоёр бүлгийн эцсийн зорилго нь ерөөсөө л нэг ээ. Мөнгөтэй болж сонгуульд ялах. Харин иргэд бид төсөв рүү биш сенсаци руу л хандаад байвал тэдний зорилго биелэх нь тэр ээ. 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe