Тоглоом нь шоглоом

Б.Энхтулга
2026-10-08

Баавгайн асуудал иргэдийг эхлээд айлгаж байснаа дунд хэсэгт нь тоглоом болоод явчихсан. Баавгайтай таарвал залгах утасны дугаар, таван хошуу шиг хүлчихсэн зураг гээд л. Бид үүнийг хараад их баясаж байв. Байгаль орчны сайд нь ч гэсэн бараг анхаарал хандуулахгүй зөнд нь хаячихсан. Гэвч өчигдөр тоглоом биш шоглоом юм байна гэдгийг хүний амиар ухаарлаа. Ер нь монголд хүн үхэж, хүнд бэртэж байж л аливаа асуудалд цочдог. Бусад үед хэтэрхий хошин мэдрэмжээ бид тэвчиж чадалгүй инээдэм, наргиан болгоод сарниулчихдаг. Энэ жил Баавгай малчдын хотхон руу дайрсан, нийслэлд орж ирсэн гээд нийт 28 дуудлага бүртгэгдэж. Эхний дуудлагаас эхлээд л байгаль орчны сайд Ц.Сандаг-Очир болон Шадар сайд Н.Номтойбаяр нар анхаарлаа хандуулах ёстой байлаа. Гэвч 28 дахь дуудлага нь хүний амь настай холбоотой байснаар бүгд сандралдаж Германаас унтуулгын буу захиалж барихдаа хүрэв. Заавал хүний амь насанд тулгаж байж шүү. Унтуулгын буугаа больё. Байгаль хамгаалагчид нь л буугүй байна гээд төсөөл дөө. Үгүй тэгээд унтуулгын буутай байлаа гээд ч яах юм. Өчигдрийн тохиолдол шиг шөнө гэнэт дайраад ороод ирэх юм бол тэр унтуулгын буутай ажилтан амжиж ирэхгүй дахин хүний амь эрсдэх нөхцөл үүснэ. Гарцаагүй л үнэн нь тэр. Өдөр, шөнөгүй л эргүүл ажиллуулдаггүй л юм гэхээс. Тэгсэн ухаант удирдах төвшний ажилтнууд нь бүр болохгүй бол агнах зөвшөөрлийг нь олгоно гэсэн юм ярьж байна. Агнах зөвшөөрлийг олгоно гэдэг бол зүгээр устга гэж байгаатай яг ижил. Зөвшөөрлийг нь өгдөг нөгөөдүүл нь хоморголон устгаад ховор амьтанд тооцогддог баавгай нь устсан амьтдын тоонд орох байлгүй. 

Суурьшлын бүсэд орох эрсдэлтэй баавгайд GPS суулгадаг ч юм уу эсвэл байгаль хамгаалагчдыг ичээнд орох хугацаа хүртэл эргүүлд тогтмол гаргадаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар иргэдээ, иргэдийнхээ эд хөрөнгийг хамгаалахгүй бол тоглоом биш болчихлоо. Өлссөн араатан амьтан хүн хэдэн хэсэг хуваагаад мөлжиж болдог гэдгийг ч харууллаа. Уг нь энэ асуудалд аль хэдий нь анхаарал хандуулаад урьдчилан сэргийлэх алхмыг хийх ёстой хүн нь Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлийн сайд Ц.Сандаг-Очир юм. Гэвч мань хүн яагаад баавгай орж ирээд байгаа шалтгааны учрыг ч олоогүй сууж байдаг. Яг нэг сарын өмнө хүн барих эрсдэл байна гэж яриа өгч байж. Яриад байсан эрсдэл чинь биелчихлээ сайд аа одоо яах вэ. Арай яах учраа ч бас олоогүй яваа юм биш биз. Хүний амь нас үрэгдсэнд эмгэнэл илэрхийлээд сайдын албан тушаалаасаа огцроход ч багадахаар л нөхцөл байдал. Монголд гэхдээ тийм хариуцлагын тогтолцоо ч байхгүй, нөгөөдүүлд нь ч тийм ёс зүй байхгүй. Баавгайн дайралтаас болж хүн амиа алдсан гэдэг гарчигтай мэдээ дахин нийтлэгдэхээс өмнө ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах ёстой шүү Ц.Сандаг-Очир сайд аа. 

Энэ жилд гэхэд л 11 аймагт 754 баавгай давхардсан тоогоор үзэгдсэн гэсэн мэдээлэл гарчээ. Ганц нэг удаа л суурьшлын бүсэд орж ирдэг байсан араатан амьтан 754 удаа үзэгдэнэ гэдэг гамшгийн хэмжээ баймаар. Гэтэл байгаль хамгаалагчид нь буу ч үгүй, одоо л унтуулагчтай буу захиална гэсэн юм яриад дээд албан тушаалтнууд нь ярьж байдаг. Төр бид хоёрын байгаа байдал таарсан ч юм дөө. Баавгай сайд хоёрын хэнд нь хариуцлага тооцох вэ. Баавгайд буруугаа чихээд Ц.Сандаг-Очир сайд хэл амнаас бултах уу, сайд нь хариуцлага хүлээж баавгайтай өөр хүн учраа олох уу. 

Амиа алдсан иргэний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Эмэгтэйн шарх үхлээс холуур байж бие нь хурдан тэнхрэхийг мөн хүсье. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe