Пүрэв гарагт Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо Хужирбулан дахь Бурхантын энгэр хэмээх газарт шөнийн 01.00 цагийн үед “Унтаж байхад нь баавгай” халдсан хэмээх дуудлага ирсэн. Албаныхан 30 минутын дараа очиход баавгай тухайн гэр байсан хоёр иргэн рүү дайрч, эрэгтэй нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан.
50 гаруй насны хохирогч эмэгтэйг яаралтай ГССҮТ-ийн салбар эмнэлэгт хүргэсэн бөгөөд үдээс хойш төв эмнэлгийн Толгойн мэс заслын тасаг руу шилжүүлжээ. Биеийн байдал маш хүнд байгаа талаар салбар эмнэлгийн эмч мэдээлсэн юм.
Өвчтөний биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Мэс заслын дараах байдлаар, биеийн байдал тогтворжсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, биеийн байдлыг улам сайжруулахын төлөө анхаарч ажиллаж байна" гэлээ.
Өвчтөний нагац дүү өчигдөр Zarig.mn сайтад мэдээлэл өгч, "хуйхны арьс байхгүй, хацар орчмын хэсэг гэмтэлтэйгээс гадна гавлын яс цөмрөлттэй" гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх