Ц.Ганзориг: Ерөнхийлөгчийн “нууц хөрөнгө” гэх мэдээлэл ташаа

Г.Энэбиш
2026-10-09

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Ерөнхийлөгчийн “нууц хөрөнгө” гэх мэдээллийг няцааж, уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан талаар мэдээллээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд баавгайн халдлагын улмаас нэг хүн нас барж, нэг хүний биеийн байдал хүнд байгаа талаар дурдаж, эмгэнэл илэрхийлэв.

Ц.Ганзоригийн тайлбарласнаар, Ерөнхийлөгчийн өмч хэмээн цахим орчинд мэдээлсэн Бага тэнгэр дэх хаус болон төв талбайн ард байрлах оффисын барилга нь Ерөнхийлөгчтэй хамааралгүй иргэдийн өмч аж. “Бага тэнгэр дэх хаус бол хувь хүний өмч хөрөнгө. Өмчлөгчийн хувийн мэдээллийг зарлах эрх надад байхгүй. Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй иргэний хөрөнгийг хамаатай мэтээр холбож байгаа нь ташаа мэдээлэл” хэмээн тэрээр хэллээ.

Мөн Ерөнхийлөгчтэй нэг газарт дасгал хийдэг Нямдаваа гэх бизнес эрхлэгчийн унаж буй автомашиныг Ерөнхийлөгчийнх хэмээн мэдээлсэн нь худал гэж мэдэгдэв.

Ц.Ганзориг уг мэдээллийг бусдад захиалан тараасан хүнийг хууль хяналтын байгууллага тогтоож, баримтжуулсан хэмээн мэдэгдэж, хотын дарга Х.Нямбаатарын зөвлөх гэгддэг Ганболдын Золзаяаг нэрлэв. Г.Золзаяа нь Сэлбэ дэд төвийн менежерээр ажиллаж байсан. Зорилготой худал мэдээлэл цацсан тухай цагдаагийн байгууллага  хэдийн тогтоогдсон. Тэрээр хэдийн БНХАУ руу зугтсан аж. 

Тэрээр Ерөнхийлөгч хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргасан бөгөөд хөрөнгийн талаарх мэдээлэл нь нээлттэй байгааг онцлов. Мөн төрийн тэргүүний институттэй холбоотой ийм мэдээлэл тараах нь Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлөх байр суурь илэрхийллээ

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe