Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөн 2026 оны аравдугаар сарын 10-нд Орхон аймагт болж, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн намын удирдах ажилтнууд, орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Зөвлөгөөнийг Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж үг хэлж, “Эрх чөлөөний дөрвөн зам Чөлөөлөлт-2030” хөгжлийн чиглэлээ танилцууллаа.
Тэрбээр эдийн засгийн өсөлтийг иргэдийн бодит орлого, амьжиргааг дэмжих бодлоготой уялдуулах шаардлагатайг онцолж, төрийн зардлыг танаж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар 2026 оны төсвийн тодотголд тусгасныг дурдав.
Ерөнхий сайд Н.Учрал “Ямар ч тохиолдолд Засгийн газар ард түмнээсээ төсөв харамлахгүй” хэмээн мэдэгдэж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа. Үүнд Оюу толгойн өгөөжийг иргэдэд хүртээх, тэтгэврийн шинэчлэл хийх, эмийн үнийн дарамтыг бууруулах, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байна. Мөн 2030 он гэхэд Баялгийн сангийн хуримтлалыг 25 их наяд төгрөгт хүргэж, баялгийн өгөөжийг иргэн бүрд тэгш хүртээх боломжийг бүрдүүлэх зорилтыг онцоллоо.
Үргэлжлүүлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар улс төрийн илтгэл танилцууллаа. Тэрбээр намын бүх шатны байгууллагад эв нэгдэл, сахилга хариуцлага, ёс зүйг бэхжүүлэхийн зэрэгцээ иргэдийн санал хүсэлтийг бодлого, шийдвэрт тусгаж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хариуцлагатай хандах шаардлагатайг онцлов.
Я.Содбаатар “Иргэдээ сонсдог, тэдний өмнө тулгамдсан асуудлыг бодлогодоо тусгадаг, гаргасан шийдвэрээ бодит ажил болгодог, үр дүнгийн төлөө хариуцлага хүлээдэг улс төрийн соёлыг бүх шатанд төлөвшүүлэх шаардлагатай” хэмээн тэмдэглэлээ.
Мөн намын анхан, дунд, дээд шатны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, гишүүдийн оролцоо, санаачилгыг нэмэгдүүлэх нь нээлттэй, хариуцлагатай, бодлогын нам болон хөгжих үндэс болохыг дурдав.

Төв болон Хойд бүсийн зөвлөгөөний хүрээнд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороодын долоон салбар хэлэлцүүлэг өрнүүлж, бүс нутгийн хөгжлийн тулгамдсан асуудал, нийгэм, эдийн засгийн бодлого, намын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.
Хэлэлцүүлэгт МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, С.Мөнгөнчимэг, Л.Дашдэмбэрэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан, Батлан хамгаалахын сайд Д.Батлут нар оролцлоо.
Долоон салбар хэлэлцүүлгээр дараах асуудлыг хөндөв.
Хэлэлцүүлгүүдээр орон нутгийн онцлогт тулгуурласан санал, санаачилгыг бодлого, шийдвэртэй уялдуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарсан юм.
Ийнхүү Монгол Ардын Намын удирдах ажилтны Төв болон Хойд бүсийн зөвлөгөөнөөр бүс нутгийн хөгжил, иргэдийн амьжиргаа, төрийн үйлчилгээний хүртээмж, намын байгууллагын хөгжил, хариуцлагын асуудлыг цогцоор нь хэлэлцэж, орон нутгийн санал санаачилгыг бодлого, шийдвэртэй уялдуулах чиглэлээр санал солилцсоноор өндөрлөлөө.
Сэтгэгдэл үлдээх