Улаанбаатар хот дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй

.Graph
2026-10-12

Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөт буюу 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээж, туршилтын тээвэр явлаа. Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан энэхүү төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүд, Монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр бүтээн байгуулжээ. 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШИНЭ ТӨМӨР ЗАМААР ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангай өртөөнд хүрэлцэн ирснээр үйл ажиллагаа эхэлж, түүнийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар угтан авлаа.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангайгаас Эмээлт хүртэл шинэ төмөр замын чиглэлээр зорчих явцдаа трассын 38 дугаар километрт байрлах 33 метр гүн ухмал, 43 дугаар километрт баригдсан төмөр замын хамгийн өндөр гүүр зэрэг инженерийн онцлох байгууламжуудтай газар дээр нь танилцав.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх: "Төмөр зам бол далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрний дунд оршдог газар зүйн байршилтай манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийн амин судас, улсын хөгжил дэвшлийн тулгуур, уул уурхайн бүтээгдэхүүн болон транзит тээврийн өртгийг бууруулах, төмөр замын тээврийн найдвартай тасралтгүй байдлыг хангаж ажиллах байгаа үе үеийн засгийн газрын ирээдүй рүү чиглэсэн үндэстний хүсэл тэмүүлэл, алсын харааны илэрхийлэл билээ.

Намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх 2019 онд нийслэл хотын төвөөр дамжин өнгөрч буй Улаанбаатар төмөр замын ачааллыг бууруулах, төмөр замын сүлжээг нийслэлийн хөгжлийн ирээдүйн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор Богд уулын урдуур төмөр замын шинэ чиглэл гаргах санаачилгыг дэвшүүлж байсан.

Улмаар энэхүү санаачилга “Богдхаант төмөр зам” төслийн хүрээнд судлагдаж, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж, цаашид хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэр, Зөвлөмжүүд гарч байв.

2019 оноос хойш үе үеийн Засгийн газар уг санаачилга, бодлогын залгамж чанарыг хадгалан ажилласны үр дүнд 3 удаа Засгийн газрын тогтоол гарч, өнөөдөр бид энэ бүтээн байгуулалтын үр шимийг хүртэх боломж бүрдэж байна. Ийнхүү нилээд хугацаанд судлагдаж, төрийн бодлого, хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдан, бүс нутгийн төмөр замын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжигдэж ирсэн төсөл өнөөдөр бодит биеллээ оллоо.

Энэхүү шинэ төмөр замын төсөл нь монголчууд бид өөрсдөө төмөр замынхаа ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, инженерийн шийдлийг гарган, богино хугацаанд төлөвлөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх чанарын шаардлага хангасан бүтээн байгуулалтыг хийж чадаж байгааг батлан харуулсан түүхэн амжилт болж байна" хэмээн онцлон тэмдэглэлээ.

127.1 КМ ШИНЭ ТӨМӨР ЗАМ – ҮНДЭСНИЙ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Энэхүү төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт чиглэлд холбогдож буй III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай төмөр зам юм.

Төслийн хүрээнд 4 өртөө, 3 зөрлөг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.

 

33 САЯ М³ ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ, 1279.1 УРТ МЕТР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖУУДЫГ БАРИВ

Уул, толгод, хөндий бүхий газар зүйн онцлогтой бүс нутгаар төмөр замын трасс байгуулахын тулд нийт 33 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын далан, ухмал зэрэг доод бүтцийн үндсэн ажлуудыг хийж дуусгалаа.Энэ нь төмөр замын нэг километрт дунджаар 260 мянга орчим м³ газар шорооны ажил ногдож буй үзүүлэлт нь бүтээн байгуулалтын цар хүрээ, инженерийн ажлын нарийн төвөгтэй байдлыг илтгэж байна. Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн. Танилцуулгад Монгол Улсад хийгдсэн хамгийн гүн ухмал хэмээн онцолсон уг байгууламж нь уулын тогтоцыг нэвтлэн төмөр замын шаардлагатай хэвгийг хангах инженерийн томоохон шийдэл юм.

Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн нь бүтээн байгуулалтын онцлох инженерийн шийдлүүдийн нэг юм. Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын түүхэн дэх хамгийн гүн ухмал хэмээн төслийн танилцуулгад тодотгосон энэхүү байгууламж нь уул, толгодын тогтоцыг сэтлэн, төмөр замын шаардлагатай хэвгийг техникийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэснээрээ онцлогтой аж.

МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН УРТ, ХАМГИЙН ӨНДӨР ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРҮҮДИЙГ БАРЬЖ БАЙГУУЛЖЭЭ

Төслийн хүрээнд төмөр замын трассын дагуух 8 байршилд нийт 1279.1 урт метргүүрэн байгууламжууд барьж байгуулсан. Үүний нэг нь Туул гол дээгүүр баригдсан 476 метр урт гүүр бөгөөд Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болж байна. Үндэсний таван компанийн оролцоотойгоор бүтээн байгуулсан уг гүүр нь 20 тулгуур, 38 дам нуруутай бөгөөд төслийн инженерийн онцлох байгууламжуудын нэг юм.

Түүнчлэн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт төмөр замын гүүр барьсан нь

Монгол Улсад өнөөг хүртэл баригдсан хамгийн өндөр төмөр замын гүүр болж байна. Энэхүү гүүрэнд газар хөдлөлтийн үед үүсэх чичиргээ, хэлбэлзлийн нөлөөллийг бууруулах зориулалттай тусгай төхөөрөмж буюу дампер суурилуулсан нь бүтээцийн тогтвортой байдал, ашиглалтын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн инженерийн

онцлог шийдэл юм. Мөн байгалийн усны урсацыг төмөр замын далангийн доогуур саадгүй нэвтрүүлж, далангийн угаагдал, эвдрэлээс сэргийлэх зорилгоор нийт 127 ширхэг төмөр бетон ус өнгөрүүлэх хоолой барьж байгуулжээ.

ЭМЭЭЛТИЙН ХОЁР ТҮВШНИЙ НҮХЭН ГАРЦ БА ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙБАЙДЛЫГ ХАНГАСАН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ

Эмээлтийн хэсэгт төмөр зам, авто замын хөдөлгөөнийг нэг түвшиндогтлолцуулахгүйгээр, өөр өөр түвшинд зөрүүлэн нэвтрүүлэх нүхэн гарц барьж байгуулжээ. Энэхүү 50 метр урт, 6 метр өндөр, 11.5 метр өргөн байгууламжийг монгол инженер, техникийн ажилтнууд гурван сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд авто тээврийн хэрэгслийг галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүйгээр, саадгүй, аюулгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Түүнчлэн төмөр замын дээд бүтцийн ажлын хүрээнд 20.360 тонн зам төмөр, 289.660 ширхэг төмөр бетон дэр, 418.605 м³ буталмал чулуун чигжээс, 64 ширхэг суман шилжүүлэг, 579.321 ширхэг зам төмрийн бэхэлгээ угсарч, төмөр замын дээд бүтцийг байгуулав.

161 ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖ, 4000 ГАРУЙ МОНГОЛ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН ОРОЛЦЖЭЭ

Хангайн бүсэд Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулсан энэхүү төмөр зам нь үндэсний инженер, техникийн чадавх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг харуулсан томоохон бүтээн байгуулалт боллоо.Төслийн барилга угсралтын ажилд үндэсний 161 аж ахуйн нэгж, 4000 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, тэдгээрийн дотор орон нутгийн 1000 гаруй иргэн оролцож, 1500 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг дайчлан, хоногийн 24 цагийн тасралтгүй зохион байгуулалтаар ажиллажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь төмөр замын сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ үндэсний компаниудын инженерийнчадавх, мэргэжлийн ур чадвар, томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх туршлагыг бэхжүүлснээрээ онцлогтой. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмнө нь хэрэгжүүлсэн Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтаас хуримтлуулсан туршлага, үндэсний инженер, техникийн чадавхыг энэхүү төсөлд үргэлжлүүлэн ашиглаж, хөгжүүлсэн нь Монгол Улс төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг дотоодын нөөц, бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх чадавхаа улам бэхжүүлж буйн илэрхийлэл юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe