Монгол Улс Хятадын өрийн хавханд унах эрсдэлтэй юу

Д.Халиунаа
2026-10-12

Үндэсний тагнуулын академийн судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс “Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого” сэдвээр социологийн судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 61.5 хувь Монгол Улсад Хятадын нөлөө хамгийн их байна гэж хариулсан байна. Тэгвэл үүнийг батлах хэдэн тоо харцгаая. 

Гадаадын хөрөнгө оруулалтаар Хятад улс тэргүүлж байна 

Үндэсний статистикийн хороо 2010 оноос эхлэн Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээг тооцож эхэлсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын байдлаар Нидерланд улс хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа бол үүний араас урд хөрш болох БНХАУ гозойж байна. 

Одоогийн нөхцөлд тэргүүлж байгаа Нидерланд улсыг харваас тус улсаас манайд ирэх хөрөнгө оруулалт 2020 оноос хойш эрчимтэй өсөж, 15.9 сая ам долларт хүрчээ. Харин Хятад улсын хувьд тавдугаар сарын байдлаар 5.6 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хэмжээтэй байгаа ч 2010 оноос хойш тасралтгүй уг түвшнээ хадгалсаар иржээ. 

Нийт экспортын 91.5 хувь нь БНХАУ руу чиглэж байна 

Монгол Улсын экспортын орлого 2026 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 62.3 хувиар өссөн ба нийт экспортын 91.5 хувь нь БНХАУ руу чиглэж байна. 

Мөн газрын тосны экспорт бараг 100 хувь Хятад руу чиглэж байгаа бөгөөд улсын хэмжээнд 1998-2025 оны хооронд нийт 11.75 сая тонн газрын тос олборлосноос бараг 100 хувь буюу 96 хувийг зөвхөн БНХАУ-руу экспортолжээ. Уг экспортын борлуулалтын орлогоос нийт 2.79 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. 

Монгол Улс БНХАУ-д 2.7 тэрбум ам.долларын өртэй

Монгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2026 оны хоёрдугаар улирлын эцсийн байдлаар 39,144 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар буюу 158 сая ам.доллароор нэмэгджээ. 

Монголбанкнаас гаргасан мэдээллээр, манай улс БНХАУ-д 2.7 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. 

Дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг Хятадын хөнгөлөттэй зээлээр хэрэгжүүлж байна

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийслэл болон улсын хэмжээнд дэд бүтэц, эрчим хүч, зам талбайн томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт 2023 онд гэхэд нийт 1.1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгожээ. 

Эх сурвалж: Сангийн яам

Энэ удаагийн нийтлэлдээ “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг жишээ татъя. 

“Бүс ба зам” санаачилга анх 2013 онд БНХАУ-ын Коммунист намын дарга Ши Жинпинь санаачилж, Төв Ази болоод Европыг тивийг хамарсан улс орны дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд туслах зорилготой эхлүүлжээ. Одоогоор 140 гаруй орон тус санаачилгад нэгдэж, Хятадын зээл, тусламжаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. 

90 МВт-ын хүчин чадалтай тус цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд Хятадын Exim (Эксим) банкны 20 жилийн хугацаатай 288 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй. Төслийн санхүүжилтийн 95 хувийг уг банкны зээлээр, үлдсэн хувийг Засгийн газар бүрдүүлж байгаа. Төслийн ач холбогдол бол Монгол орны баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хараат байдлыг арилгах явдал юм. Баян-Өлгий, Ховд, Увс аймаг жилийн эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортолдог билээ. 

Лаос улс Хятадын хавханд унажээ 

“БҮС ба ЗАМ” санаачилгын хүрээнд БНХАУ-ын Exim банк болон төрийн өмчит компаниуд хөгжиж буй орнуудад олон тооны УЦС-ын төсөл санхүүжүүлжээ. Үүнийг нэг нь Лаос улс бөгөөд 2.8 тэрбум ам.долларын дүнтэй зээлээр 1,272 МВт хүчин чадалтай Нам У голын УЦС-ыг барьсан ч өрийн дарамтаа дийлэлгүй эрчим хүчний үндэсний сүлжээнийхээ (EDL) удирдлагын дийлэнх хувийг БНХАУ-ын төрийн өмчит компанид шилжүүлж өгөх нөхцөлд хүрчээ. Өөрөөр хэлбэл эрчим хүчний тусгаар тогтнолоо алдсан гэсэн үг. Мөн 89 гаруй тосгоны 15,000 орчим иргэдийг нүүлгэн шилжүүлснээр голын экосистем алдагдсан байна. Энэ жишээ бол бидний Эрдэнэбүрэнгийн УЦС дээр сургамж авах гашуун туршлага. 

Монгол Улсын хувьд уг төсөл нь харьцангуй бага хэмжээний зээлээр хэрэгжиж буй ч Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шууд нөхцөлтэй байгаа нь төсөвт шууд ачаалал үүсгэх эрсдэлтэй юм. Тиймээс төслийн менежментийг ил тод байлгаж, зээлийн эргэн төлөлтийг станцын өөрийнх нь ашигт ажиллагаагаар нөхөх санхүүгийн нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, явцын мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатай байна. Түүнчлэн барилга угсралт болон инженеринг (EPC)-ийн ажлыг гадаадын нэг компани дангаар гүйцэтгэж байгаа нь технологийн хувьд нэг талын хамаарал үүсгэх магадлалтай тул төсөл хэрэгжих 61 сарын хугацаанд дотоодын инженерүүдийг системтэйгээр бэлтгэж, станц ашиглалтад ороход дотоодын мэргэжилтнүүд бүрэн удирдан чиглүүлэх чадавхыг бүрдүүлэх нь технологийн аюулгүй байдлын баталгаа болох юм. 

Эцэст нь

Аливаа улс орон ямар нэг гүрэнээс хамааралтай байх нь тусгаар тогтнол болоод үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг байна. Судлаач О.Эрдэнэболдын судалгааны зөвлөмжөөс хүргэхэд, дэлхийн жишиг ба "Өрийн хавх"-ны сургамжийг бид Шри Ланка (Хамбантота боомт), Кени зэрэг улсуудын жишээнээс хар болох бөгөөд тэд Хятадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэй мега төслүүдийг хэрэгжүүлж байгаад өрийн дарамтад орж, стратегийн дэд бүтцийн эзэмшил, менежментийн эрхээ алдах хүндрэлтэй тулгарсан.

Монголчуудыг дээрх жишээ тойроод бус дайраад өнгөрөх боломжтой. Мөн олон улсын хөгжлийн бодлого, судалгааны байгууллагуудын тайланд анхааруулдгаар, БНХАУ-ын санхүүжилттэй мега төслүүд нь хүлээн авагч орныг "өрийн хавх" (Debt trap)-нд оруулах гео-эдийн засгийн далд эрсдэлтэй байдаг байна. Ингэснээр макро эдийн засгийн савлагаа үүсэж, Монгол Улс зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу хийж чадахгүй доголдол үүсвэл, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтцийн эзэмшил, удирдлагын эрхэд гаднын нөлөөлөл орох эсвэл улс төрийн бусад буулт шаардах эрсдэл бий болох юм. Тиймээс эдгээр төсөл, хөнгөлөлттэй зээл, санхүүжилтүүд нь зөвхөн эдийн засгийн бус, үндэсний аюулгүй байдлын түвшинд хэмжигдэх харилцаа юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe