МАН-ын эрх мэдлийн төлөөх дотоод зөрчилдөөн савнаасаа хальж сэтгүүл зүйн салбарт орж ирлээ. Сэтгүүлч сэтэртэй ч яг үнэндээ мэргэжлийн нэг ч бүтээл гаргаж үзээгүй Б.Шинэбаяр гэх лайвчин эмэгтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү ноцож түүнд нь хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг хариу барилаа. Баримт гээд байх зүйлгүй ч А.Шинэбаяр Ерөнхийлөгчийн тамгын газраас санхүүжилт нэхэж, хөдөлмөрийн баатар хүнд олгуулж өгөх зэргээр “шантааж” хийсэн болоод явчхав. Уг нь Ерөнхийлөгчийн гадаад томилолтын бүрэлдэхүүнд багтсан байсан ч нэрийг нь хассан учир Б.Шинэбаяр Ерөнхийлөгчийн тамгын газар руу дайрч эхэлсэн гэж хэвлэлийнхэн дотооддоо ярьж байлаа. Тэгсэн Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзоригийн ярьж байгаагаар ганц гадаад томилолт биш байж. Ингээд тэр оройдоо сэтгүүлч А.Шинэбаяр хорих 461-ээр анги руу ачигдсан. Юу болов, яав ийв гээд маргааш нь нэг юм боллоо. Гэхдээ үүнийг бичихээс өмнө яагаад ачигдах болов гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх. А.Шинэбаярыг Ерөнхийлөгчийн тамгын газраас дээр дурдсанаар хууль бус зүйл нэхсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ өгсөн. Цагдаагийн байгууллагаас ч түүнийг үүрийн таван цаг хүртэл байцаасан гэх. Ингээд өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зурахыг хүсэхэд зурахгүй байсаар тэр өдөртөө түр хорьжээ. Хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй ч өгсөн мэдүүлэгтээ гарын үсэг зураагүй бол шууд хорих үндэслэл болохгүй байх. Харин зориуд дуудсан цагт ирэхгүй байх, оргон зайлахыг завдсан тохиолдолд мөрдөн байцаалтад саад учруулж байна гэж үзэн прокурорын саналаар шүүх цагдан хорих шийдвэр гаргах магадлалтай юм. Тэгэхлээр өөр үйл явдал өрнөсөн байж магадгүй. Хоёр хоногийн өмнө бүр шүүхийн тогтоол гараад үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болж. Өнгөрсөн хэд хоногийн дотор өрнөсөн зүйл ердөө л энэ. Үүнээс болж хэвлэлийн салбар дотроо хоёр хуваагдан хэсэг нэг нь А.Шинэбаярыг хорьсон үйлдэл нь хэвлэл, мэдээллийн хараат бус ажиллах, чөлөөтэй хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж байна гэж үзсэн бол нөгөө хэсэг нь мэргэжлийн сэтгүүл зүй хийдэггүй лайвчин гэх мэтээр цоллож гарлаа. Асуудлыг хоёр тал болгож хуваагдуулах зорилго нь нөгөө л нэг МАН-ынхан байв.
Бүх үйл явдал зохиол...
А.Шинэбаярын Ерөнхийлөгчийн тамгын газрынхантай тэмцэлддэг нь хувь хүний сэтгэл хөдлөлөөс үүссэн байлаа гэж бодъё. Ингэж эхэлсэн үйл явдал явцдаа улс төрийн шоглоом болсон байж болох уу. Хоригдохоосоо өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа А.Шинэбаяр Л.Оюун-Эрдэнийн талынхан өөрт нь хамтарч ажиллах санал тавьж байсныг хэлсэн. Гэхдээ би одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хувь хүнийхээ үүднээс дуртай, дэмжиж ажилладаг гэв. Ингээд орой нь хорих анги руу ачигдсан. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг шалгуулах хүсэлт хуулийн байгууллагад гаргасан ч тэр дор нь шоронд хийж гоомой үйлдэл гаргахгүй байх. Нэр хүнддээ их хайртай хүн шүү дээ. Өөрийгөө үзэн ядуулах хэрэг түүнд байхгүй. Харин түүнийг үзэн ядуулах хэрэгцээ хэнд хамгийн их байх вэ. Мэдээж Л.Оюун-Эрдэнэд байж болох юм. Ингээд түүний толгой энэ үелзэлд ажиллаж хуулийн байгууллагын нөлөөгөөр А.Шинэбаярыг хориулж Ерөнхийлөгчийг сошиал яргад хаяж өгөх зохиол байж болох. Түүнд хуулийн байгууллагад нөлөө одоохондоо бий. Учир нь Л.Оюун-Эрдэнийн талд зогсож байгаа С.Амарсайхан Хууль зүй, дотоод хэргийн сайдаас буугаад удаагүй. Өрсөн хүмүүс нь сууж л байгаа. Маргааш өдрөөс нь эхлээд л Л.Оюун-Эрдэнийн тэжээдэг гэх сайтуудаар А.Шинэбаярыг өмгөөлж Ерөнхийлөгч рүү дайрсан мэдээ, нийтлэл цуврав. Асуудлыг дээрхээр таамаглах гол зангилаа нь үүн дээрээс харагдаж байгаа юм. Зохион байгуулалттай гэмээр. Сэтгүүлчдийг хамгийн их хуулийн байгууллагын үүд сахиулдаг мань Х.Нямбаатар дарга хүртэл хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдууллаа гэж бичин хүч нэмж байх вэ дээ. Хардах л өнцөг.
Одоо асуудлыг нөгөө талаас нь аваад үзье. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сэтгүүлч А.Шинэбаярыг шалгуулах хүсэлтээ өгөхдөө маргааш нь шууд хориулах төлөвлөгөөтэй байсан гэж. Хэрвээ тийм бол бид дарангуйлалд маш ойрхон байна гэсэн үг. Азаар энэ хүн нэг жил хүрэхгүй хугацааны дараа буух гэж байгаа юм даа. Гэхдээ л ийм байдал түүний өв болж үлдвэл яах вэ. Хэрхэв ч болохгүй зүйл. Хэрэг хийсэн бол хариуцлагаа хүлээж хуулийн өмнө очих нь зүй ёсны хэрэг. Харин Ерөнхийлөгчтэй муудалцсан болгон хорих ангийн хаалга татаад байдаг байж болохгүй. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж зааж өгсөн байдаг ч шүүмжилж болохгүй, хууль бус үйлдлийг нь илчилж болохгүй гэж заагаагүй. Үнэхээр хууль бусаар хөрөнгөжсөн бол түүнийгээ тайлбарлаж, нотлох ёстой.
Сэтгүүлч А.Шинэбаярын үйлдэл асуудал дэвшүүлсэн, баримттай мэдээлэл байсан уу гэдэг өөрөө эргэлзээтэй. “Dens.mn” гээд сайт руу нь ороод харахад л сэтгүүлчээр сурч байгаа оюутан ч хэлээд өгнө. Бид хийсэн үйлдлийг нь харах биш тэр хүнийг бүхэл бүтэн сэтгүүл зүй гэж хараад байгаад л асуудал байна. Хийсэн зүйл нь яах вэ гол нь сэтгүүлчийг хорьчихлоо гэж орилоод байгаа нь ч буруу. Сэтгүүлч хүн хууль зөрчиж болно гэсэн хууль байхгүй. Шалгуулах ёстой бол шалгуулж үнэн, зөв шүүлгэх эрх харин хүн бүхэнд бий. Хэрвээ бид түүний сэтгүүл зүй гэж үзэн хийгээд байгаа зүйлийг дэмжвэл энэ салбар хүссэн хүсээгүй улс төрчдийн нэг халаасанд багтсаар л байх болно. Ард нь зарчим барьж ажилладаг хэсэг нь эзэмшсэн мэргэжлээ, хийж байгаа ажлаа хүнд хэлэхдээ ичсээр байгаа энэ дүр зураг хэвээр үлдэнэ. Сэтгүүлч ч бай, Ерөнхийлөгч ч бай хууль бус зүйл хийсэн бол Монгол Улсын хуулийн өмнө зогсох л болно. Харин яагаад хорих болсон шалтгааныг хуулийн байгууллагын зүгээс үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой.
Энэ үйл явдал яван явсаар эцэстээ зарим нэг сэтгүүлчдийн жирийн иргэд хүсэлтээ өгөөд ч авч чаддаггүй газрын асуудал руу чирэгдэж ирлээ. Олноо “Хариад Уянга” нэрээр танигдсан Г.Уянгаа гэх бүсгүй “Eguur.mn” сайтын эрхлэгч Ж.Мядагбадам Х.Нямбаатараас 1 га газрыг нэг өдөр бөөнд нь хууль бусаар авсан байж болзошгүй талаарх баримтын талаар яриад эхлэв. Маргааш дахин нэг сэтгүүлчийн газартай холбоотой мэдээллийг дэлгэх талаараа ч бичсэн. Яагаад энэ эмэгтэй гэнэт сэтгүүл зүйн салбарын МАН-аас үүдэлтэй хуваагдалд яваад ороод ирэв гэх асуулт. Түүнийг Х.Нямбаатар нэр төрд халдсан гэх гомдлоор шүүхийн үүд сахиулаад багагүй хугацаа өнгөрч байгаа. 500 сая төгрөг нэхэмжилсэн. Тийм учраас Х.Нямбаатарын эсрэг өөрийгөө хамгаалж байгаа үйлдэл нь гэж үзье. Гэхдээ яагаад “Eguur.mn”-ийн эрхлэгч Ж.Мядагбадам гэж. “Eguur.mn” гэх сайт Л.Оюун-Эрдэнийн тэжээдэг 10 сайтын нэг нь гэж яригддаг. Сүүлдээ ч улайм цаймдаа гарч илт Х.Нямбаатарыг өмөөрч нөгөө тал руу нь дайрах болсон. А.Шинэбаярыг хорьсон явдлыг ч гэсэн Ерөнхийлөгч рүү чиглүүлэн олон нийтийг турхирч байгаа. Энэ үйлдэл нь явган яриаг улам бататгаж байгаа мэт. Харин Г.Уянгаа гэх эмэгтэй хэний талаас ямар дүр болоод энэ дундуур туучаад ороод ирэв. Уншихад арай эрт ч хардаж болохоор л. МАН нам хэн хүссэнийгээ л юунд ч хамаагүй хөдөлгөж чаддаг хүмүүс шүү дээ. Эр, эмийн харилцаан дээр хардаж үзээгүй ч улс төрийн асуудалд хардлагыг өвчин болтол "ах нам" надад суулгаж ээ.
Зоосны хоёр тал...
Ерөнхийлөгчийн сонгуульд хэний хүн өрсөлдөх вэ гэдэг дээр үхэн хатан тэмцэлдэж байгаа МАН-ын дүр зураг. Хэн ч үүнийг хараад уншчихдаг болсон. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Бид амьдарна, тэд ч цааш намынхаа үйл ажиллагааг аваад явна. Тэгэхдээ бүр өнөөдөр нэгнээ үггүй үзэж чадахгүй байгаа хүмүүс нэг эрх, ашгийн зүгт хараад алхах байх. Харин бид тэмцлийнх нь нэг үзэгдэл болоод л хоцорно. Бид тэдний эрх, ашгийн зоосны аль ч тал нь биш. Тэр зоосны хоёр талд Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүний бүлэглэл л багтана. Сүлд үү, тоо юу гэдгийг энэ тэмцлийн үр дүн л харуулна. Намаа хуваасан тэд одоо нийгмийг хоёр хувааж иргэдийн сэтгэл зүйгээр наадаж байна. Тэр наадамд нь бид оролцогч болчихсон нэгнийгээ зулын гол болгон тойрон бүжиж байна. Угтаа бид тэдний хэнийх нь ч талд бүжих ёсгүй. Ухаан орж эргэн тойрноо нэг харах хэрэгтэй. Хэн, юуны төлөө, яах гэж ийм гал өрдөөд байгаа гэдгийг. Дахиад хэлье бид эрх баригчдын зоосны хоёр талын алинд нь ч багтаагүй. Багтах ч үгүй, багтдаг ч байгаагүй.
Сэтгэгдэл үлдээх